Археологи гэдэг ойлголтын тухай
Түүхийн шинжлэх ухааны эх хэрэглэгдэхүүний нэг болох эд өлгийн
дурсгалыг тусгайлан судлаж, он цагийг нь тогтоон, тухайн үеийн байдлыг
олдсон эд өлгийн дурсгалаар нь сэргээн тогтоож түүхчлэн бичих шаардлагын
үүднээс түүхийн шинжлэх ухааны нэгэн салбар ухаан үүсэн бий болж
хөгжсөнийг археологи хэмээн нэрлэдэг. Археологи гэдэг нь монголоор
эртний судлал гэсэн утгатай үг ажээ. Археологи гэсэн нэр томьёо анх
Эртний Грект МЭӨ IY зууны үед үүссэн байна. Тодруулбал Платон өөрийн
"Гиппей” (харилцан яриа) хэмээх зохиолдоо энэхүү нэр томьёог анх эртний
дурсгалыг судлах ухаан гэсэн утгаар хэрэглэсэн байдаг. Тэрээр энэ нэр
томьёоны дор эрт үед холбогдох бүхий л зүйлийг хамааруулан авч үзэж
байсан бол, Европын сэргэн мандалтын үед археологи нь Грек, Ромын
урлагийн илэрхийлэл болж үнэн хэрэгтээ музейн хуучин ховор зүйлийн нэг
хэсгийг нэрлэсэн нэр болж байв.