Бат-Эрдэнэ -
RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


Эссе хэрхэн бичих вэ?

 
   Эссе хэрхэн бичих вэ?

Гадаадын ялангуяа Америкийн их, дээд сургуулийн өргөдлийн маягтыг бүрдүүлэхэд эссе буюу зохион бичлэг бичих шаардлага зайлшгүй гардаг. Эссе буюу зохион бичлэг нь таныг элсэлтийн шалгалтын комиссын гишүүдэд танилцуулах чухал боломж олгож буй хэрэг юм.
           Их дээд сургуульд өргөдөл гаргагчид ихэнхдээ зохион бичлэгээ албан ёсны, мэргэжлийн үг хэллэгтэй, өөрийн зорилгоо зөв тодорхойлсон байх ёстой гэж боддог. Энэ нь магистр болон түүнээс дээш шатанд суралцагсдын хувьд анхаарах ёстой асуудал боловч баклаврын шатанд суралцагсдын хувьд зохион бичлэгтээ өөрийгөө хувь хүний талаас нь илүү танилцуулж бичих хэрэгтэй байдаг.

       Жишээлбэл: таны амьдрал эсвэл таны үзэл бодолд хамгийн их нөлөө үзүүлсэн хүний тухай, эсвэл чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлдэг тухай бичвэл зүгээр. Учир нь: Америкийн их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын комиссын гишүүд зөвхөн хичээлийн дүн, шалгалтын оноо харахаас гадна, өргөдөл өгөгчийг хувь хүн талаас нь мэдэхийг хүсдэг. Мөн өөрийн хүрсэн амжилт, бүтээсэн зүйлийн тухай, жишээлбэл оролцож байсан уралдаан, олимпиад, эзэлсэн байр, шагналын тухай эсвэл сайн дурын ажил хийж байсан зэргээ дурдах нь зүйтэй. Харин өөрийгөө хэт төвийлгөн магтах эсвэл нэмж зохиож бичих нь зохимжгүй.

Та эссегээ яаж бичих вэ?
1-р алхам: Бичихээсээ өмнө
Эхлээд юу бичихээ сайтар бод. Ингэхдээ бүтэц, зохион байгуулалт, дэс дараалал зэргийг үл хайхран бодол санаандаа байгаа бүхнээ цаасан дээр буулга.
Бичсэн зүйлээ утга санаагаар нь хооронд нь холбож үз.
Дэс дараалал, логикийг анхаар.
Одоо бичсэн зүйлийнхээ утга санааг анхааран тухайн эх болгон дээр нарийвчлан ажилла.
Бүгдийг дахин эхнээс бич.

2-р алхам: Эхний хэсэг
Энэ хэсэгт та эссе буюу зохион бичлэгийнхээ товч утга, ерөнхий төлөвлөгөөг тусгаарай. Эхний хэсэгт эссений товч агуулгыг тусгаж өгвөл уншигчдад ерөнхий утга санааг түргэн ойлгож, үргэлжлүүлэн уншихад хялбар болдог. Тийм учраас та эхний хэсгээ аль болох сонирхолтой, анхаарал татахуйц болгохыг хичээгээрэй.

3-р алхам: Их бие
Их биеийн хэсэг бүр нь өөрийн агуулгыг хадгалсан өгүүлбэрээр эхэлдэг бөгөөд энэ өгүүлбэр нь ямагт шинэ санаа агуулсан байх ёстой. Дараа нь энэхүү өгүүлбэрийн утга санааг тодруулсан янз бүрийн жишээ, тайлбар, тоо баримтыг нэмж оруулна.

4-р алхам: Дүгнэлт
Зохион бичлэгийнхээ энэ хэсэгт дээрхи бичсэн зүйлийнхээ талаар дүгнэлт гарган бичих хэрэгтэй.

5-р алхам: Засвар хийх
Та зохион бичлэгээ бичиж дуусгаад чангаар өөрөө өөртөө уншаад үз. Хэрэв та зохиогч биш, харин уншигчийн байрнаас хандвал өөрийн алдаагаа илүү амархан олох болно.

Сайн эссе ямар байх вэ?

* Хялбархан уншигдаж, амархан ойлгогддог зохион бичлэгийг сайн эссе гэж дүгнэдэг. Таны зохион бичлэгийн гол санаа тод гарсан байх ёстой.
* Эссе нь зохиогчоо хувь хүний талаас нь харуулж чадсан байх.
* Эхлэл ба төгсгөл нь ойлгомжтой бөгөөд утаа санаа нь логик холбоотой байх.

Эссе бичихэд анхаарах зүйлүүд
Хэдийгээр зохион бичлэг тань төгс болж чадаагүй ч гэсэн, дараах түгээмэл тохиолддог дутагдлуудыг гаргахгүй байхыг анхаараарай:
* Хэтэрхий том эсвэл эртний үг бүү хэрэглэ. Зарим хүмүүс зохион бичлэгээ ухаантай, гоё харагдуулах зорилгоор хэт том үг хэрэглэдэг. Гэвч эдгээр үгнүүд нь зохион бичлэгийн зөвхөн хоосон чимэг болж, хувь хүний үзэл бодлыг бүрэн илэрхийлж чаддаггүй.
* Дүрмийн алдаа, хэтэрхий мэргэжлийн үг хэллэг буюу сэдэвтэй байх.
* Зохион бичлэгийн зорилго нь утга санаанаасаа зөрсөн, авцалдаагүй байх.
* Ядуу хэллэгтэй байх.
* Тэмдэг нэр болон өөр туслах үг аль болох цөөн ашиглаарай.
* Өргөдлийн маягтанд өгсөн мэдээллээ эссендээ дахин битгий давтаарай.
* Зохион бичлэг нь нэгэн хэмтэй байх ёстой.
Өөрийнхөө сайн мэддэг, сонирхдог зүйлийн талаар бичих, харин сэдвээ сайн бодох хэрэгтэй.
* Эссе хэтэрхий урт байх хэрэггүй.
* Гол сэдвээсээ хазайх ёсгүй.

  Жишээ болгож энэхүү Эссэ-г оруулав.


Хүмүүний тухай бодрол

/эссе/

"...Хүн гэж юу юм бэ?

Бид атом цөмийн бөмбөгийн хажууд

юу юм бэ? Сайн бод Сайн бод...”

Хувилгаан Осгонбаяр

"Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна”

Ким Жон Рэ

        Хүн бол байгаль, нийгэм хоёрын бүтээгдэхүүн, зүйлийн хувьсал хөгжлийн дээд оргил мөн.

            Учир нь одоогоор хүнээс илүү дээд зэргийн зохион байгуулалттай, ухамсар, сэтгэлгээнийхээ үр дүнд байгалийг эзэмшиж, дээд зэргээр нийгэмшсэн амьтан энэ гариг дээр алга. Хүн өөрөө өөрийгөө танин мэдэхийн тулд цуцалтгүй зүтгэж ирсэн байна. Английн эрдэмтэн Алкуйны зохиолд "Амьдрал гэж юу вэ? гэж багш нь асуухад шавь нь азтай хүнд бол жаргал, азгүй хүнд бол зовлон, ер нь хэн бүхэнд үхлээ хүлээх хугацаа” гэсэн байдаг. Мөн "Хүн гэж юу вэ? гэхэд үхлийн боол, хажуугаар нь өнгөрч яваа хүнд замын хань, гэртээ бол зочин” гэжээ.
         Тэр ч бүү хэл хүмүүс өнө эртнээс өөрсдийн онцлог шинж чанараа тодорхойлон өөрийгөө танин мэдэх оролдлого хийж байжээ. Эртний Грекийн сэтгэгч Аристотелийн хэлснээр "Толгойгоо ажиллуулдаг нь биеэ ажиллуулдгаа ямагт залгидаг” ажээ. Өнөөдрийн нийгэмд хүний хэн байх нь гарал угсаа, нийгмийн давхарга, эд хөрөнгөөс үл хамаарч гагцхүү хүн юу хийж чадна түүгээрээ амьдрах учиртай мэт. 
                Эртний Вавилонд мөнгө хүүлэл гүнзгийрч, өрийн боол бий болоход ард түмний дунд "Хүчирхэг хүмүүс өөрийн гараар амьдардаг, сул дорой нь өөрийн хүүхдийн үнэ цэнээр амьдардаг” гэсэн зүйр үг гарчээ. Энэ нь өнөөгийн нийгэмд залхуу хойрго хүмүүс өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр биш хүүхдээрээ тэжээлгэж байгааг илэрхийлж байгаатай утга нэг юм.
          Хүн өөрөө хөдөлмөрлөж зүтгэхгүй бол амархан зэвэрч хэврэгшдэг болой. Хүний гойд шинж чанар бол сэтгэлгээнд нь оршино. Тиймээс ч амьтан юмыг цуглуулдаг бол хүн юмсыг бүтээдэг, ямар ч том аалз гоёмсог тор сүлждэг ч ямар ч муу дархан барих барилгаа урьдаар толгойдоо бүтээчихсэн байдаг. Бас хүний санаа бодол хязгааргүй, тааварлахын аргагүй, сайн сайхнаас гадна хар хорон ч санаа байдаг.
Хар санааны цаана гарвал жаргах цаг бий гэсэн монголчуудын эртний сургаал бол өөрөө өөрийгөө даван дийлэх ёстойг өнөөдөр бидэнд сануулсаар байгаа билээ.
         Гэвч өнөөдөр хүмүүсийн хүсэл сонирхол  нэмэгдэж, хэрэгцээ өндөржхийн хирээр хүн байгалаасаа улам хөндийрч баялаг хуримтлуулан нийгэмших үйл явц дэлхий нийтийнх болжээ. Ер нь соёлт үе эхэлснээс хойш эд баялаг асар их өсөж түүний хэлбэр нь маш олон янз болж, түүний хэрэглэх нь өргөжиж, эд баялаг нь ард түмний эсрэг чиглэсэн нь давтагдашгүй хүчин болжээ. Хүний оюун ухаан өөрийнхөө бүтээлийн эсрэг үймрэн сандарч байна. Тухайлбал атом цөмийн бөмбөг, техник технологи.шашин шүтлэгийн мөргөлдөөн гэх мэт.
          Бидний энэ айх айдас өөрсдийн минь соёлын бүтээлүүдээс урган гарч ирж байна. Сүүлийн жилүүдэд орчин үеийн хүн (Homosapiens) биологийн хувьд мөхөж, түүний байр суурийг орчин үеийн техникийн шинэхэн зэрлэг хүн (Homo Techuigus Heobarbarmts) эзлэх болж байна хэмээх санал гарч ирэх болсон. Хэдийгээр энэ үзлийг хүмүүс одоогоор хүлээн зөвшөөрөхгүй ч амьдрал дээр бодит байдал болж буй мэт байна. Учир нь бид өнөөдөр бүхэл зүйлээ техник технологи ашиглахгүйгээр хийж чадахгүй байна.
           Үнэн хэрэг дээрээ хүн өөрийн бүтээлийн боол болж түүний улмаас цаг ямагт айдас, арчаагүй байдалд орж сэтгэлээ хуурсаар амьдралынхаа ихэнх үеийг өнгөрүүлж байна. Энэ нь бидний хямрал, тэгээд дотоод сэтгэлдээ ямар нэг хувь тавиланд итгэн өөрсдийгөө хуурах нийтлэг тал бидэнд оршсоор. Энэ бол өөрөө өөртэйгөө эвлэрэх гэгч юм. Тэгвэл хүн юуны төлөө яах гэж амьдарнам бэ? Настан буурлууд минь "амьдрах гэдэг чинь алалдах дайсантай адил” хэмээсэн нь тун гүн гүнзгий утгатай мэт ажээ.
          Амьд байгальд шалгарал явагддагийн адилаар энэ нийгэмд оршин байх, өөрийгөө үнэлүүлэх, үнэ цэнээ олохын төлөөх тэмцэл явагдсаар байгаа учир дан ганц эвлэрэл биш эвдэрэлцэх, сүйтгэх, хайрлан хамгаалах үйл явц ээлжлэн өнгөрөх нь зүй тогтол юм. Тийм ч учраас үе үеийн сэтгэгчид хүн болон түүний амьдралыг олон янзаар тодорхойлсон байх, зарим нь "Түүх төгсөж байна” гэхэд нөгөө хэсэг нь "Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна” гэж уриалж байна. Чухам аль нь үнэн бэ? Гэхдээ аль нэг нь үнэн гэж маргах нь чухал биш, бид өөрсдөө төгсгөл үү, эхлэл үү, өрнөл үү гэдгээ ойлгож сонголтоо хийдэг байх нь чухал байх.
          Тиймээс ч хүн гэдэг бол эрэл хайгуул, алдаа оноо, ухаарал болон тэмцэл юм. Энэ нь өөрийгөө хэн бэ? гэдгээ танин мэдэх эрэл хайгуул, хаана байгаагаа ойлгон мэдрэх мэдрэмж, ухаарал, өөрөө өөрийгөө олохын төлөөх тэмцэл байх ёстой. Эдгээр нь мөн чанартаа бидний амьдрал байх учиртай. Тиимээс бид өөрсдийн дотоод сэтгэлээ эзэмдэж эзэн байх ёстой. ...Сайн бод Сайн бод ...

        Ж.Уран А.RT09D114      


                                    


Сэтгэгдэл бичих хэсэг

.
 
 
Нэр *:
Eмайл:
Код *:
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.
 
[TITLE]
[BODY]