RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


Хорин жилийн тэртээ Тянь Ан Миний талбайд...

 
 
     Дэлхийн түүхэнд Тянь Ань Миний талбайн хядлага хэмээн бичигдэн үлдсэн энэ аймшигт явдлыг эргэн сөхөхдөө зүгээр нэг дурсаад өнгөрөх гэсэнгүй. Хүний эрхийг бүдүүлгээр, байж боломгүйгээр зөрчсөн энэ аймшигт явдал дахин бүү давтагдаасай гэсэндээ тэдэнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөж, түүх сөхлөө.Хятадын Бээжин хотын Тянь Ань Миний талбайн хэрэг гэх энэ үйл явдал ЗХУ-д М.Горбачевын дэлхийн өөрчлөлт шинэчлэлтийн салхи тус улсад салхилснаас үүдэлтэй аж. Удирдагч Ден Сяопины энэ үйл явдал эхлэхээс яг 10 жилийн өмнө улс орондоо өөрчлөлт шинэчлэлт хийх гэсэн оролдлого нь Хятадын улс төрийн тогтолцоог өөрчилж чадахгүй байгаа нь оюутан залуус сэхээтнүүдийн бухимдлыг газар авахуулсан байна. Хятадын нутаг дэвсгэр бүрт ардчиллыг хүсэн мөрөөдөгч залуусын бяцхан цучил энэ үед үүссээр байжээ. Ардчиллыг дэмжигч оюутан залуусын хөдөлгөөн өрнөх үеэрХятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яобон өөрчлөлтийн тухай олонд ил тод ярьснаараа албан тушаалаасаа огцорч, улмаар хэдхэн хоногийн дараа зүрхний шигдээсээр гэнэт нас барсан нь өөрчлөлт шинэчлэлтийг хүссэн залуусын цучилыг нэгэн том гал болгон дэвэргэжээ.

     Ийнхүү оюутнууд тэмцлийн өөр хэлбэрт шилжихэд хүрч, дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Тянь Ань Миний талбайд хэвлэл мэдээллийн хэрэгслийг чөлөөлөх, авлига, хээл хахуулийг зогсоох, улстөрийг өөрчлөхийг хүсч өлсгөлөн зарласан байна. Энэ өлсгөлөнгөөрөө оюутнууд тухайн үед тус улсад айлчлал хийж байсан ЗХУ-ын удирдагч М.Горбачёвыг дагалдан ирсэн сэтгүүлчдийн анхаарлыг татахыг зорьжээ. Тэдний хүсэлт ч биелж сэтгүүлчид цаг үе, нөхцөл байдлын талаар дэлхий нийтэд мэдээлсэн байна. Хагас cap шахам оюутан залуус эрх баригчид хоорондоо олон хэлэлцээр, хэлцэл хийх гэж оролдсон ч бүтсэнгүй. Үүнийг үйл явдалд судалгаа хийсэн судлаачид оюутнууд юу хүсээд буйгаа тодорхой тусгаж өгөөгүй нь хоёр тал ойлголцож чадаагүйн нэг шалтгаан. Бас нэгдсэн зохион байгуулалттай байж чадаагүйгээс тэр олон хүний амь нас үрэгдэхэд хүрсэн гэж үзжээ. Тавдугаар сарын 20-нд цаг үе хаашаа ч эргэж болох нэгэн чухал үйл явдал болсон юм. Бослогыг хэрхэн ямар замаар яаж зогсоох вэ гэдэгт эрх баригчид санал зөрөлдөж байв. Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Жао Зияан эвийн аргаар жагсаалыг тараая гэсэн боловч олон хүний эсэргүүцэлтэй тулгарчээ. Ингээд тодорхой шийдэлд хүрч чадахгүй байсаар цэргийн хүчийг ашигласан ч тэднийг оюутнууд зогсоож чадсан байна. Үүний дараа жагсаал цуглааныг зогсоогоогүй хэргээр олон дарга албан тушаалаасаа огцоржээ. Харин зургадугаар сарын 3-нд чөлөөлөх арми оюутнуудын хооронд мөргөлдөөн гарч эхэллээ.


      Жагсагчид цэргийнхэн рүү чулуу шидэж өөрсдийгөө хамгаалан машин тэргээр хаалт хийв. Харин энэ үеэр цэргийнхэн хотоос гарах гарц болон их сургуулийн гудамжуудыг хааж байсныг жагсагчид мэдсэнгүй. Ингээд 22.00 цагийн үед зэвсэгт довтолгоогоор бослогыг хүчээр дарах цуст ажиллагаа эхэлжээ. Армийн танкууд Тань Ань Миний талбайн хэдэн талаас хүн гарах зайгүй дотогш дайрч оюутан жагсагчид руу шууд гал нээжээ. Мэдээж зарим оюутнууд цус урсах үйл ажиллагаа болохыг тэр даруйдаа ойлгож амь гарахыг оролдсон ч тэднийг буцааж байсан аж. Энэ нь ганц ч гэрчгүйгээр бүгдийг устгах гэсэн тушаалын хэрэгжилт байсан гэж үздэг гэнэ. Танкны араас цэргүүд ачааны машин дээр цогцсыг хонь мал шиг ачиж, түүний араас усны машин шүршигчээр талбайг цэвэрлээд явж байсан гэдэг.

      Ингээд зургадугаар сарын 4-ний үүрийн 05.30 цагийн үед талбайг ганц ч цусны толбогүй цэвэрлэсэн байжээ. Өглөө боллоо. Тань Ань Миний талбай анир чимээгүй. Тэнд урьд өдөр нь юу ч болоогүй мэт байлаа. Ард иргэд нь ч айдаст автсан хэвээр. Аав нь хүүгээ, ээж нь охиноо сураглах эрх ч байсангүй. Эрх, эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн мянга мянган залуугийн амь тэмцэж, аврал эрсэн чимээгүй хашгиралдаан одоо ч тэнд өрнөж буй мэт.
Энэ үеэр хэдэн залуу амь насаа алдсаныг Хятадын Засгийн газар 241 гэж мэдэгдсэн ч гадаадын сэтгүүлчид гурван мянга, Улаан загалмайн нийгэмлэг хоёр мянга 600, (НАТО) Хойд Атлантын цэргийн эвслийн тагнуулынхан долоон мянга гаруй гэж дурьдсан байна. Энэ үйл явдлын дараа дэлхийн ихэнхи орнууд Хятадыг хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн гэсэн мэдэгдэл хийж Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк тус улсад өгөх байсан зээл, тусламжаа цуцалжээ.
Мөн тус улс нилээн хэдэн сонин, телевизээ хааж зарим эрхлэгч нь ял шийтгэл хүлээсэн байна. Хорин жилийн тэртээ буюу 1989 оны зургадугаар сарын 4-ний энэ өдөр БНХАУ-ын Бээжин хотын Тянь Ан Миний төв талбайд олон зуу магадгүй олон мянган залуусын амийг бүрэлгэсэн аймшигт хэрэг гарсан билээ. Төрийн зүгээс үзэл бодлоо илэрхийлсэн хэнийг ч бай алж устгахгүйн тулд, энэ аймшигт өдрийг хэзээ ч үл мартан жил бүр дурсан санадаг юм. Хятадын засгийн газар энэ аймшигт өдрийг дурсахгүй байхыг, энэ талаарх фото зураг болон холбоотой мэдээллүүдийг нуун дарагдуулахыг хичээдэг ч орчин үеийн дэвшилтэт техник технологийн ачаар дэлхийн улс орон бүхэнд энэ үйл явдлын зураг, дүрсийг харж эргэн дурсах боломжтой болжээ. Бонни Вонг гэх эмэгтэй нэгэн сайтад "хорин жилийн өмнө Хятад улс ардчилал эрх чөлөөг хүсч, түүнд хүрэхийг хичээсэн. Гэвч засгийн газар иргэдээ, гэмгүй оюутнуудаа бүгдийг нь алсан” хэмээн харуусан ярьжээ. "Хорин жилийн турш Хятадын Засгийн газар өнгөн дээрээ ард олныг тэр аймшигт өдрийг мартуулахыг хичээж, энх тайвныг магтан дуулж ирлээ. Гэвч үнэн хэрэгтээ тэд хэвлэл мэдээллийг, боловсролыг, хүний үзэл бодлоо илэрхийлж бичих эрхийг үргэлж хянасаар ирсэн” хэмээн Жонатан Сью гэх бүсгүй мөн ярьж байна. "Энэ бол үнэхээр харгис хэрцгий хэрэг байсан гэдгийг одоо үеийн хүүхдүүд үнэндээ мэдэхгүй байна. Учир нь засгийн газар шинэ үеийнхэнд энэ талаар болж өгвөл дуулгахгүйг хичээдэг. Яг л хориотой бүс мэт. Дунд сургуулиудын хичээлд энэ тухай дурсдаг ч үгүй” хэмээн тэр аймшигт шөнө өөрийн 17 настай хүүгээ алуулсан Дин Зилин гэх эцэг хүн ярьжээ.

      Хятадын засгийн газар Twitter.com, Bing.com сайтууд болон фото зургийн flickr.com, hotmail вэб сайтуудыг энэ долоо хоногт хаагаад байна. Харин блог бичигчдийн үзэл бодлоо илэрхийлэх гол индэр болсон Blogspot, Wordpress, видео файлын Youtube сайтуудыг хэдийнээ хаачихсан билээ. Хятадын засгийн газар ийнхүү олон нийтийн сонороос энэ үйл явдлын чимээг холхон байлгахыг элдэв аргаар чармайж байгаа ч дэлхий нийт өнөөдөр тэрхүү аймшигт өдрийг дурсан санаж байна. Дэлхийн аль ч улс оронд үзэл бодлоо илэрхийлсэн хэнийг ч бай Тянь Ан Миний талбайд болсон мэт аймшигт, цуст алан хядлагаар амыг нь бүү бариасай. Дахин ийм аймшигт зүйл хэзээ ч бүү болоосой.
  

Сэтгэгдэл бичих хэсэг

.
 
 
Нэр *:
Eмайл:
Код *:
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.
 
[TITLE]
[BODY]