RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


ШИВЭЭТ ТОЛГОЙН ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨ

 

   ШИВЭЭТ ТОЛГОЙН ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨ 

С.Бат-Эрдэнэ1

1, ШУТИС, НТС, Түүх-Аялал жуулчлалын баг.

e-mail: tlbaagii@yahoo.com

Түлхүүр үг: Түрэг, Хүн чулуу, Шивээт толгой, Хөшөө Цайдам, 

Орхоны хөндий нь нүүдэлчдийн түүхийн олон үеийн археологийн дурсгалуудаар онцгой, баян түүхт нутаг бөгөөд чулуун зэвсгийн үеэс эхлээд XIII-XIV зуун хүртэлх үеийн булш, бунхан, тахилгын цогцолбор газрууд болон хот суурин гэх мэт олон тооны дурсгалууд бий. Тэдгээрийн олонх нь эдүгээ хүртэл эрдэм шинжилгээ судалгааны  ороогүй байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь Хөшөө Цайдамын урд 3 км зайтай Шивээ толгойн орой дээр орших чулуун байгууламж болно. Дээрхийн адил хэв шинжийн дурсгалууд тус бүс нутагт цөөнгүй байгаа бөгөөд энд юуны өмнө Тарнайн голын Шивээт толгой, Баян-Агтын Шивээт Улаан гэх мэт ижил төстэй нэр бүхий цогцолбор байгууламжуудыг дурдаж болох юм. Тэдгээр томоохон дурсгалуудын зарим нь хүн, амьтны дүрстэй хөшөө чулуу бүхий нилээд цогцолбор шинжтэй байдаг.

Шивээт гэх нэртэй эдгээр байгууламжууд нь гол төлөв алсын бараа харагдах харьцангуй өндөр уул, ухаа, гүвээний оройд орших бөгөөд одоо мэдэгдэж буй дээрх байгууламжуудын хамгийн томоохон нь Тарнайн гол болон Хашаатын Шивээт толгойн дурсгалууд болно.

Нутгийн ардуудын дунд дэлгэрсэн аман яриа, домог сэлтээс үзвэл дээрх байгууламжуудыг гол төлөв харуул, хамгаалалтын зориулалт бүхий чулуун хороо байсан мэтээр ойлгож, төсөөлж ирсэнээс гадна дээрхтэй төстэй байгууламжуудыг ардын ярианд шивээ гэж нэрлэх нь олонтаа байдгийг хойшид нягтлан судлууштай.

Манай судлаач, газар зүйч О.Намнандорж гуай Хашаатын Шивээт толгойн дурсгалын тухай "Шинжлэх Ухааны мэдээ” сэтгүүлд анх 1956 онд тэмдэглэн нийтлүүлжээ. Тэрээр Шивээт толгойн орой дээрх чулуун байгууламжийн тухай өгүүлэхдээ "Уулын орой дээр олон түмэн куб метр чулуу овоолж барьсан том шивээ, хорго мэт урьд өмнө хүрээлэнгийн мэдээнд гараагүй түүхийн дурсгалт балгас шивээг илрүүлэн олов” гэжээ [Намнандорж 1956].

Хашаатын Шивээт толгой нь Хөшөө Цайдам дахь Билгэ хаан, Культегин нарын цогцолбор дурсгалаас зүүн урд зүгт 3 км, эртний монголын нийслэл Хархорум хотоос чанх хойт зүгт 40 км зайтай оршино. Өгүүлэн буй дурсгалыг уулын оройгоос өмнө тийш 40-50 км, баруун зүгт 20-30 км, хойт зүгт 40-50 км хүртэл алсын бараатай, тэр хавийн хамгийн өндөрлөг хэсэг дээр байгуулжээ. Шивээт толгойн баруун талаар 2 км зайд Хөгшин Орхон урсана.

Уг дурсгалыг анх 2008 онд МУИС-ийн НШУС-ийн Археологи-Антропологийн тэнхим анх малтан судалсан бөгөөд судалгааны явцад гурван хэсэг газраас Түрэгийн үед холбогдох маш нарийн ур хийцтэй нэг хүн чулуун хөшөө илэрсэн юм.

                                                                                      Малталтаас гарсан хүн чулуу

Малталтаас олдсон хүн чулуу нь хөлөөс толгой хүртэл 160 см өндөр, газарт суулгах хэсэг нь 50 см урт бөгөөд доод хэсгийг зөвхөн нарийсгах төдийхнөөр засаж янзалжээ. Хүн чулууг зүүн гараа өвдөг дээрээ тавьж, баруун гараараа цээжиндээ хундага атган, завилан суугаа байдалтай дүрсэлжээ. Хүн чулууны толгой буюу нүүрний төрх нь ихээхэн бодит байдалтай бөгөөд дөлгөөн, ихэмсэг харцтай, сахалгүй, жавжиндаа инээмсэглэл тодруулсан монгол төрхтэйгээр дүрсэлсэн байна. Хүн чулууны дээлийг түрэгийн томоохон дурсгалуудад түгээмэл ажиглагддаг цэцгэн хээгээр чимэглэсэн байх бөгөөд ханцуй, зах, дотуур цамц, дээлийн энгэр, зах гэх мэтийг маш нарийн урлажээ. Олон тоногтой, найман унжлага бүхий агсарга бүс зүүсэн байх бөгөөд баруун ташаанд нь хавтага, зүүн ташаанд мөн хавтага мэт ямар нэг зүйлийг зүүлгэжээ. Гутал нь нүүдэлчдийн хэв загвар бүхий ээтэн хоншоортой арьсан гутал бололтой. Харин малгай нь нилээд сонирхолтой зулай хэсэг нь нам, ар тал нь өндөр бөгөөд хятад мэтийн дорно зүгийн улс орны хаад, түшмэдийн өмсдөг малгайтай төстэй харагдаж байна. Хөшөө нар салхи, бороо усанд элэгдэж хэмхрээгүй, маш сайн хадгалагдсанаас үзвэл хүн чулуун хөшөөг урласанаас төдий л удалгүй  чулуун байгууламжид дарагдан хадгалагдсан бололтой.

Хэрэглэгдэхүүнээс үзвэл хүн чулуудыг завилсан, сөхөрсөн, бохирсон болон зогсоо байдлаар дүрсэлсэн байх бөгөөд нийт судлагдсан хүн чулуудаас завилан суусан байдлаар хийсэн 30 гаруй хүн чулуу олдсоны 20 нь монголд бүртгэгджээ [Баяр, 1997:26]. Энэхүү завилан суусан хүн чулуудын ихэнх нь Налайх дахь Тонъюкук, Онгийн голын дурсгал болон Орхоны сав дахь орших Хөшөө Цайдам, Шивээт Улаан гэх зэрэг томоохон алдартай цогцолбор дурсгалын бүрэлдэхүүнд багтаж байгаа нь тэдгээрийг түрэгийн хаад, сурвалжтанууд болохыг дам зааж буйн нэг илрэл хэмээн үзэж болох юм.

Шивээ толгойн дурсгалтай хамгийн ижил төстэй дурсгал бол Тарнайн голын завилан суусан хүн чулуу бүхий цогцолбор дурсгал болно. Тарнайн голын хүн чулуу нь хэмжээгээр Шивээт толгойнхоос бага боловч хүн чулуунд дүрсэлсэн дээл, хувцсан дээр сийлсэн хээ, бүс зэрэг гол шинж тэмдэгээрээ адил юм. Харамсалтай нь толгойгүй учир нүүр, царай, малгайг харьцуулах боломжгүй юм. Өмнө өгүүлсэнээр Шивээт толгойн хүн чулууны нүүрийг илэрхий монгол төрхтэй гаргасан байдаг бөгөөд Хөшөө Цайдамын малталтаас илэрсэн Культегины толгойтой ихээхэн төстэй байдал ажиглагдаж байна.

Үүнээс гадна Хашаат сумын Номгон багийн нутагт Номгоны хөндийн Тарнайн голын савд нийлэх хэсэгт нэлээд хүн чулуун хөшөөд байх ба тэдгээр хүн чулуун хөшөөдөөс нэг нь нэлээд өвөрмөц байна. Тус хүн чулуун хөшөө нь ваар сав тэврэн суугаа толгойгүй хүн чулуун хөшөө бөгөөд нарийхан босоо хүзүүтэй, цүлхэгэр бөөртэй том ваар савыг тэвэрсэн, баруун гараараа ваарын амсар мөрийг холбосон нарийхан сэнжээс барьж, зүүн гараар ваарын мөрөөр тойруулан тэвэрч барьжээ. Хоёр хөлийн өвдгөөр ваарын доод хэсгийг хавчин, сөхөрч суусан байдалтайгаар дүрсэлсэн байдаг. Уг ваар тэвэрсэн дүрслэлтэй хүн чулуу нэн ховор бөгөөд Онгийн дурсгал, Их хөшөөтийн дурсгалд тус тус байгаа нь мэдэгдээд байна. Эртний Түрэгүүд ийм ваар саванд архи, айраг мэтийн хүндэтгэлийн ундаа хийж хэрэглэдэг байсан бололтой.  [Л.Эрдэнэболд 2008]   

 Эдгээр хүн чулуудыг нэгтгэж байгаа нэг гол шинж нь сахалгүй, дөлгөөн, тайван, ихэмсэг байдлаар дүрсэлсэнд оршино. Гэтэл одоо мэдэгдэж буй хүн чулуудын багагүй хэсгийг өмнө өгүүлсэн хүн чулуудаас илт ялгарахуйц сахалтай, том нүдтэй, их хөмсөгтэй, өндөр хамартай, нилээд догшин дүр төрхтэй, эрс өөр дүрсэлсэн байдгаас үзвэл түрэгийн хүн амын бүрэлдэхүүн гетероген шинжтэй нүүдэлчид байсныг харуулж байж болох юм. Гэхдээ Түрэгийн хаант улсын ноёлох хэсэг нь хэв шинжит монгол төрхтөн байжээ гэж болохоор байна.

Уг хүн чулууг урлан бүтээсэн арга барилын хувьд сонирхолтой нэг зүйл нь баруун суганд болон зүүн ташаанд нь гар бие хоёрыг салсан ховилыг дүрслэн гаргасан байдаг. Энэ нь суугаа байдалтай дүрсэлсэн хөшөө чулуунд ажиглагддаг арга барил бөгөөд мөн Түрэгийн үеийн томоохон цогцолбор байгууламж болох "Баян даваа, Хуц Ухнатай, Их хөшөөт, Тоглохын тал зэрэг газарт нэг нэг хүн чулуунд байх ажээ. /Д.Баяр, 1997/”

Энэ бүхнээс үзвэл Шивээт толгойн хүн чулуун хөшөө нь газарзүйн байрлалын хувьд уулын орой дээр, том чулуун байгууламжийн хөшөө дурсгал хэлбэрээр зориулагдан босгосон. Мөн хөшөө чулууны хийц урлалын хувьд бусад томоохон дурсгалтай адил суугаа байдлаар хийгдсэн нь тухайн хөшөөг олбог сэнтийдээ залран байгаа хаад, язгууртан хүнийг илтгэж байна. Түүнчлэн хөшөө чулууны гарын хийц ур, дээлны уран нарийн хээ, хэлбэр, хундага барин суугаа дүрслэл, ойролцоох том чулуун байгууламж болон Хөшөө Цайдамын Билгэ хаан, Культегин нарын цогцолбор дурсгалаас төдийлөн холгүй байгаа зэрэг дээрх сэтгэгдлийг төрүүлж байна.

Цаг хугацааны хувьд Хөшөө Цайдамын цогцолбор дурсгалтай ойролцоо байгаа нь /Хөшөө Цайдамаас зүүн урагш 3км зайд/ эдгээрийг нэгэн цаг үед хийгдсэнийг илэрхийлэх бөгөөд Хөшөө чулууны малгайн дүрслэл нь дорно зүгийн улс орны хаад, түшмэдийн өмсдөг зулай хэсэг нь нам, ар тал нь өндөр тэр малгайтай төстэй байгаа нь Хожуу Түрэгийн хаант улсын үед холбогдохыг шууд илэрхийлж буй юм. "Шивээт толгойн байгууламж нь Тан улсын үеийн бунхант оршуулгатай төстэй байгаа [З.Батсайхан. 2008] нь энэ санааг давхар батлан байна. Түүхэн сурвалжид тэмдэглсэнээр Түрэгүүд нь Тан улсын эрхшээлд хагас зуун жилд байж тэдний соёлын нөлөөнд автсан байсныг олонтой өгүүлэсэн байдаг.

             Хүн чулуун хөшөөг босоо байдалтай буюу завилж, эсвэл сөхрөн суусан байдалтайгаар урлах боловч ихэвчлэн хөл дүрсэлдэггүй баруун гарт нь сав суулга, зүүн гараар бүснээс зүүсэн сэлэм буюу хутганы ишийг атгасан байдалтай урладаг. Эдгээр хөшөөнүүдэд хувцас бүс, зэр зэвсэг, гоёл чимэглэлийн зүйлийг нарийн тодорхой сийлэн гаргасан байдаг. Хүн чулуун хөшөө хийгээд дүрслэх урлагийн бусад төрлийн дурсгалуудаас үзэхэд эртний Түрэгүүд нь буруу энгэртэй хоёр тийш эргэдэг өргөн захтай дээл өмсөх ба төмөрлөг товоруу олон унжлага бүхий агсрага бүс бүсэлдэг байжээ. Түрэгүүд хөлдөө өсгийгүй хөнгөн арьсан гутлыг эсгий оймстой өмсөх ба шагайн орчим суран боолтоор боодог байсан нь малталгын олдвор хийгээд зарим хүн чулууны дүрслэлээс мэдэгддэг. [Монгол улсын түүх. 1:332]

Шивээт толгойн хүн чулуу болон сүрлэг чулуун байгууламж нь хэнд зориулагдсан байж болох тал дээр хэд хэдэн таамаглал дэвшүүлж болох мэт санагдаж байна. Үүнд: Уг хөшөө чулуу нь Хөшөө Цайдамын Билгэ хаан, Культегин нарын цогцолбор дурсгалтай ойролцоо байгаа нь нэгийг өгүүлэх бөгөөд цаг хугацааны хувьд ч нэгэн үед холбогдох нь уг хөшөө чулууг хэн болохыг дам зааж буй бөгөөд өмнөх судлагдсан судалгааны мэдээ баримтаас Культегины толгой хэмээн нэрлэгдсэн хөшөө чулууны толгойтой ихэд адил төстэй дүрслэгдсэн байдаг билээ. Тиймээс Шивээт толгойн хүн чулууг Билгэ хаан, Культегин хоёрын хэн нэгнийх нь дүрслэл гэх бүрэн үндэслэл бий болж буй юм. Гэхдээ түүхэн сурвалжаас харахад Түрэгийн нэрт цэргийн жанжин Культегин нь хаан суух ёстой байсан боловч өөрийн ахдаа хаан ширээг найр тавин өгч түүний ах Билгэ хаан сууринд суусан хэмээн тэмдэглэсэн бөгөөд улсын дотор нэр хүнтэй нь Культегин байсан гэдэг билээ. Мөн нөгөө талаас Шивээт толгойн хүн чулуунд дүрсэлсэн малгайн дүрслэл нь хааны титэм, малгай бус түшмэл хүний малгай байх талтай тул уг хөшөө болон чулуун байгууламж нь Культегины бунхант оршуулга байх боломжтой юм. Гэхдээ энэхүү санаа бүрэн батлагдах эсэх нь дараа дараагын судалгааны үр дүнгээс хамааралтай юм.

 

НОМ ЗҮЙ

1. Баяр Д. 1997. Монголын төв нутаг дахь түрэгийн хүн чулуу. УБ

2. "Mongolian journal of Anthropology, Archaeology and Ethnology Vol 4 2008 он

3. Монгол улсын түүх. Тэргүүн боть

4. МУИС-ийн НШУС-ийн Археологи-Антропологийн тэнхимийн хээрийн шинжилгээний тайлан. 2008он.

5. Намнандорж О. 1956  "Шинжлэх ухааны мэдээ” УБ

6. Харжубай С. "Шивээт Улааны цогцолбор дурсгалын талаар дахин өгүүлэх нь” УБ.1982 он

7. Болд Л. 1990 ”БНМАУ-ын нутаг дахь хадны бичээс” УБ

8. Сэр-Оджав Н. 1970 "Эртний Түрэгүүд” УБ

9. Эрдэнэболд Л. 2008 "Nomadic studies  







Сэтгэгдэл бичих хэсэг

.
 
 
Нэр *:
Eмайл:
Код *:
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.
 
[TITLE]
[BODY]