|
|
Бичсэн С.Хүрэлсүх |
2010 оны 4-р сарын 30, Баасан гариг, 05:14 |
Агуйн эртний оршуулга Бичсэн С.Хүрэлсүх 2010 оны 4-р сарын 30, Баасан гариг, 05:14 Бүлэг Товч мэдээ Эртний хүмүүс уулын агуй, хонгил, хөмгийг талийгаачдаа далд нууцгай оршуулах байр сав болгон ашиглаж иржээ. Агуй нь газрын дор болон хад асганд хөндий орон зай үлдсэнээс үүсдэг ажээ. Агуй, хөмөг нь харьцангуй бат бөх, нурах эвдрэх үзэгдэл багатай байдаг. Хуурай сэрүүн чийггүй орчинд алив эд юмс байгалийн өгөршилд бага өртөж, хэдэн зуун жил хадгалагддагийг нотлох эртний дурсгал манай орны уулархаг болон говь хээрийн бүс нутгаас цөөнгүй олдож байна. Археологийн судалгаагаар агуй хаднаас 30 гаруй тооны эртний оршуулга илэрч мэдэгдсэний цөөн хэдхэн тохиолдлоос бусдыг нь ухаж бусниулан устгасан явдал бий. Нууц далд оршуулахын тулд тэр бүр анзаарагдамгүй агуй, хөмөг, хадны хонгилд оршоож амыг нь чулуугаар дарж далдласан байх бөгөөд хад агуй нь байгалийн чулуун мандлын тогтоцоос шалтгаалж, агуйн доторх хөндий орон зайн хэлбэр дүрс нь хэвтээ, хэвгий, босоо хэсгүүдийн хослолоос тогтдог тул нас барагчийн толгойг уулын орой оргил өөд хандуулахаас өөрөөр зүг чиг харгалзах, чигжээс болон дараас чулуу гэсэн гадаад зохион байгуулалт байхгүй юм. 1920 он Өмнөговь 1920-иод оны дунд үед манай оронд уригдан ажиллаж байсан Зөвлөлтийн газар зүйч А.Д.Симуков Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гурван Зээрдийн агуйд нэгэн хатмал шарил байсныг олжээ. Хатмал хүний нүүр царайн хэлбэр төрх, үс гэзэг, арьс яс нь бараг бүтэн хадгалагдсаныг үзэхэд европжуу төрхийн, арваад настай эрэгтэй хүүхэд байсан бололтой ямар нэг хувцасгүй, хөлөө атийсхийж түрүүлгээ харж нас барсан байдалтай олдсон бололтой хэмээн үзсэн байдаг. Уг оршуулгыг гэмтээж эвдэлгүй авчирсан бөгөөд агуйн хэлбэр хэмжээ, эд өлгийн талаарх мэдээ баримт огт дурдаагүй байна. 1932 он Хэнтий 1932 онд Хэнтий аймгийн Дадал сумын харъяат Д.Цэвээн сумынхаа хойд зах нутаг Галттай голын бэлчир Түхнэн уулын зүүн урд нэгэн судагт ганц хар модны баруун талд чулууны /хадны/ хөмөгт эсгийд боолттой зүйл байхыг санамсаргүйгээр ажин мэдэж боодолтой зүйлийг сонирхон задлан үзэхэд эмэгтэй хүний занданшуулсан шарил байсанд сэжиглэн эвдэн сүйтгэжээ. Тухайн үед энэхүү явдлыг Хөдөө аж ахуйн ухааны эрдэмтэн Д.Цэдэв сураг сонсож мэдэн шарилын үлдэгдлийг очин үзээд нэг дор цуглуулан булж эл байдлын талаар археологич Х.Пэрлээд мэдээлжээ. Шарилын толгойд ангийн үсээр хийсэн, унжлага залаатай оргой /малгай/ өмсгөөтэй. Оргойд төмөр гархи хадаастай, чихэндээ гуулин ээмэгтэй, дээсэнд сувс хэлхсэн зүүлт хүзүүнд зүүлттэй. Биенд нь хуучин цагийн бүдүүн ширхэгтэй бүдэг цэнхэр өнгийн даавуун дээлийн тамтаг үлдсэн, хөлд нэхийгээр хийсэн ээтэн сөөхийг эсгий оймстой өмсгөжээ хэмээн өгүүлжээ. 2004 он Дорноговь Энд дурдууштай өөр сонин дурсгал бол Хатанбулаг сумын нутаг Хэцүү уулын агуйн хатмал шарилууд юм. Эл оршуулгыг археологич Н.Сэр-Оджав, антропологич Д.Түмэн нар газар дээр нь биечлэн очиж шалгажээ. Судлаачдыг очиход хилийн цэргийнхэн агуйд хоол хүнс, төмс ногоогоо агуулчихсан, тэнд байсан зүйлүүдийг бусниулсан учир анхны төрх байрлалаа алдсан байжээ. Замбараагүй тархсан шарилыг бүртгэж үзэхэд тэнд 0-10 насны долоон хүүхэд, 30 гаруй насны хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй, 60 гаруй настай нэг нийт 12 хүний шарил байсан нь тогтоогджээ. Хатмал шарилуудын шүд хумс бүрэн бүтэн, гэзэг үс сүлжиж боосон боодолтойгоо, нэг нь богийн арьсан өлгийд боосон нялх хүүхдээ тэвэрсэн байдалтай нас барсан байжээ. Гайхмаар нь энэ агуйд байсан зарим хүмүүсийг боомилж егүүтгэсэн байдалтай байжээ. Тэнд таваг, эсгий бойтог /оймс/, хус модны үйс, адуу, үхэр, хонь, ямааны яс, удаан хугацаанд галласан үнс нурам, малын хөрзөн зэргээс гадна шавар вааран савны хагархай байв. Агуйн дотоод байдлаас үзэхэд энд байсан хүмүүс үл мэдэгдэх шалтгаанаар хангай газраас /үйс гарсан/ говь нутагт зугтаж газар сэлгэн очиж Хэцүү уулын зэлүүд агуйд хэн нэгнээс айж эмээхдээ нуугдан хоргодож байсан бололтой. Хэцүү уулын агуй тухайн үедээ нуралттай байсан учир түүнийг битүүмжлэн орхисон бөгөөд 2004 оны 6 дугаар сард Монгол-Америкийн хамтарсан шинжилгээний анги газар дээр нь очиж шалгаад олдворуудыг бүртгэн баримтжуулжээ. Нарийвчилсан судалгаа хийхэд антропологийн судалгааны багаж техник дутмагаас Америкийн Смитсоны Их сургуулийн антропологчидтой хамтран ажиллахаар тохиролцжээ. 1989-1990 он Баян-Өлгий Улаанхус сумын Алхамын хавцалд харуулдаж зассан модыг углуурга гарган зааж хүрээ хийн зангидаад бодын ширээр битүү бүрж амсарыг нь нарийн үдээрээр бөхөлж үдсэн ширэн австай эртний оршуулга илэрчээ. Оршуулга тоногдсон ч нуруу хөлийн яснууд үндсэн зөв байрлалаараа байжээ. Хүзүүний зүүлт, хүрэл зэв, чулуун сувс, ээмэгээс гадна хувцас өмсгөлтэй тавьсан нь илт бөгөөд улаан, хөх өнгийн торгоор хийсэн дээлийн зах хэлбэртэй зүйлийн үлдэгдэл, торгоор эмжсэн нарийн эсгийг хоёр талаас нь торго бөс даавуугаар өнгөлсөн хувцас хэрэглэл олджээ. Ингэж агуйн оршуулга мэр сэр олдож байсан ч сүүлийн үед орон нутгийн иргэд үнэт эдлэл агуй хонгилоос олдлоо гэсэн сургаар эртний оршуулгын дурсгалыг санамсаргүй олж улмаар авс модыг авдар хэмээн ойлгон сүйтгэх явдал нэлээд гарч байгаа юм. YI-YIII зууны Түрэгийн хаант улсын үеийн нүүдэлчдийн булш 1998 онд Өмнөговь Тус аймгийн Ноён сумын Цагаан Ханангийн агуйд хатаж занданшсан шарил байсныг нутгийн иргэн зээргэнэ түүж явахдаа олж сүйтгэн шатаан устгахад малгай, өрөөсөн гутал нь азаар шаталгүй үлдэж хоцорчээ. Энэхүү оршуулгын эд зүйлсийн нарийвчилсан судалгаагаар XIY зууны үеийн монгол язгууртных болох нь тогтоогджээ. Мөн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Арцат Дэл ууланд чоно авлаж явсан Х.Дэмбэрэл, Л.Содномжамц нар буудаж шархдуулсан чоноо хайж дурандаж байхнээ нэгэн агуйд хатаж гандсан банз харагджээ. Тэд агуйд ямар нэгэн зүйл байна хэмээн ярилцаад орж үзэхээр болжээ. Бие биенээ бүсээр оосорлон дээш авирч агуйд орж тэнд байгаа зүйлийг модон хайрцаг гэж бодон тагийг нь эвдэн ухаж үзэхэд австай оршуулга байгааг баттай мэджээ. Энэ тухайгаа холбогдох хүмүүст мэдээллэхийн зэрэгцээ оршуулгыг харж хамгаалж байв. Археологчид очиж малтах явцад модон авсанд хүнээ тавиад хоёр талаар нь амьд ахуйдаа эдэлж хэрэглэж байсан зэр зэвсэг, агт морины бүрэн хэрэглэл, үйсэн сав зэрэг зүйлс гарч ирэв. Эдгээр нь хөндөгдөлгүй сайн хадгалагдсан, хүний яс нь хатаж занданшжээ. Модон авс таган дээрээ сураар үдсэн нугас бүхий бас нэгэн жижигхэн таглаатай байгаа нь манай урьд өмнөх судалгаанд тохиолдож байгаагүй сонин хэрэглэгдхүүн байжээ. Энэхүү оршуулгаас гарсан уужим суудалтай эмээл, босоо дөрвөлжин сэнжтэй төмөр дөрөө, хазаар, модон хуйтай сэлэм, үзүүр талыг дээш харуулан үйсэн саадагт багцаар нь хийсэн харвуулын сум зэрэг эд өлгийн зүйлс нь YI-YIII зууны Түрэгийн хаант улсын үеийн нүүдэлчдийн булшны хэрэглэгдэхүүн, тэр үеийн хүн чулуун хөшөө, ханын зураг зэрэгтэй ижил төстэйгээс гадна ХБНГУ-д явуулсан радиокарбоны шинжилгээгээр манай эриний 950-иад он гэж гарчээ. Мөн тэнд нутгийн иргэд агуй ухсан тухай мэдээллийн мөрөөр Овгор Цанхирт нэг агуйг шалгаж үзэхэд агуйгаас юу ч илэрсэнгүй. Харин гадна нь тонуулчдын гаргаж хаясан эмээлийн хавтас, модон авсны хэсэг, эсгий оймстой арьсан гутал, төмөр дөрөө, бариул нь хугарсан хүрэл толь, шавраар хийсэн ээрүүлийн таваг, хүний эрүүний яс, хөлийн тавхай хатсан байсан нь олджээ. Эл оршуулгыг олдсон эд зүйлсээр нь XIII-XIY зууны үед холбогдуулан үздэг. 2004 он Дундговь аймаг Дэлгэрцогт сумын Бурхан Толгой, Давгын Даваа зэрэг газруудад хадны оршуулга гарсныг Монгол-Америкийн хамтарсан шинжилгээний анги хээрийн судалгааныхаа явцад малтан судалжээ. Бурхан Толгойн оршуулгаас ширээр хулдаж бүрсэн модон авс, хүний яснаас гадна модон дөрөө, банз, нарийн мод илэрсэн ба эл оршуулга тоногдсон хэдий ч 20-25 насны, 161.4 см өндөртэй эмэгтэй хүнийг оршуулсан нь судалгааны явцад тодорхой болжээ. Дагвын Давааны оршуулгаас хүүхдийн яс, хоёр талдаа ногоон паалантай зузаан ваар 4 ш, төмөр дэгээ гарчээ. 2004 он Баянхонгор Бөмбөгөр сумын Улаан сайр багийн иргэн Б.Мэндбат өөрийн ихэртэйгээ хамт Рашаантын Ам хэмээх газарт шаваг түүж яваад багавтар хадны хөмөг байхыг олж харжээ. Хөмөг рүү шагайж үзэхэд шороонд дарагдсан ширэн зүйл харагдсанд богцтой юм байна гэж ойлгон түүнийг хүчтэй татахад ширэн зүйл нь арьсан гутал байж дотроос нь хүний хөлийн яс гарч эртний оршуулга болох нь мэдэгджээ. Археологчид газар дээр нь очиход Рашаантын Амны оршуулгыг аль хэдийн сүйтгэсэн байв. 2005 он Баянхонгор Баянцагаан сумын нутаг Дугуй Цахир хэмээх газар хадны оршуулга мэдэгдсэний дагуу ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид цаг алдалгүй очиж шалгасан юм. Ханан хадны ёроол дахь хоёр хөмөгт занданшсан шарил /mummy/-уудыг хөдөлгөн анхны байрлалыг мэдэх боломжгүй болгож, эмээл, модон дөрөө, амгай дээсэн жолоотойгоо, малгайн тасархай, даавуу, эсгий дээлийн хэсгүүд, арьсан болон эсгий гутлын түрүүний тасархай зэрэг зүйлсийг гаргаж хаясан байв. Судалгааны явцад хөмөгт хүнээ малгай, дээл, гутал хувцастай нь баруун хойш хандуулж тавиад зэр зэвсгийн зүйлсийг дагалдуулан тавьсан нь тодорхой мэдэгдэж байв. 2005 он Дорноговь Даланжаргалан сумын харъяат "Аргаль” төслийн ажилтан Б.Отгонбаяр Нартын хад хэмээх газарт үл анзаарагдам багавтар агуйгаас нэг аргаль гарч зугтжээ. Тэнд аргаль төллөсөн байж мэднэ хэмээн агуйд орж үзэхэд таамагласан ёсоор хурга байснаас гадна агуйд ширээр бүрсэн модон австай эртний оршуулга байгааг лавтайяа мэдэн цааш хөндөж ухалгүй орхиж сум орон нутгийнхаа удирдлагад мэдээлсэн байна. Оршуулга Нартын хадны баруун үзүүрт, багавтар хадан хясааны зүүн энгэр дэх агуйд байлаа. Малтлага хийх явцад шарилд улаан өнгийн нимгэн дээлийг өмсгөж, торгон дээлийн хоёр ханцуйг өвөр тал руу нугалан эвхэж дэрлүүлсэн бол өөр нэг илгэн дээлийг дээрээс нь хучсан маягтай тавьжээ. Шарилын хүзүүнд улаан өнгийн чулуунууд хэлхсэн зүүлт зүүлттэй. Толгойн хоёр талаас сувдан ээмэг тус бүр нэг, зүүн талаас модон сам, хүрэл толь, баруун мөр дээр богтаг малгайн толгойд углах хэсгийг доош харуулан тавьсан ба хажуугаас нь өд хатгах модон суурь илрэв. Модон аягыг аюулхай дээр хөмөрч тавьсан ба хажууд нь улаан, шар, хүрэн өнгийн даавууны өөдсийг тавьжээ. Илгэн нарийн эмжээр бүхий уртавтар түрийтэй арьсан гутал хоёр хөлд өмсгөөтэй. Хувцасны материал, хээ чимэг, загвар хийц нь тодорхой мэдэгдэж байгаа ба энэ оршуулгын талаар 2007 оны Археологийн судлал сэтгүүлд тодорхой өгүүлжээ. Эртний түүх соёлын дурсгалыг ухаж сүйтгэсээр л Агуй, хонгил, хадны хөмөг, хаданд хүнийг оршоох /тавих/ байдал эрт цагт үүсэн үлэмжхэн нарийн төвөгтэй ертөнцийг үзэх үзэл, төсөөлөл бүрэлдэн гарч аажимдаа үүнтэй уялдсан оршуулгын нэгэн өвөрмөц зан үйл бүрэлдэн бий болсоныг харуулж байна.Малгай, хувцас, зэр зэвсэг, морины тоног хэрэгсэл, гоёл чимэглэлийн зүйлс дагалдуулсан модон авсыг ширээр бүрсэн, авсгүй бол хана болон ачлага модоор хашсан, эсгийгээр ороосон хадны анзаарагдамгүй хонгил завсарт дарж таглан нууцласан байдал нь энд тэндээс олдсон оршуулгууд зан үйлийн хувьд хоорондоо нийтлэг байгаа нь оршуулгын нэгэн төрөл гэж үзэх гол үндэс нь. Холбогдох он цагийн хувьд түрэг, монголын үе буюу YII-XIY зуунд холбогдож байна. Агуйн оршуулга нь бусад булшны адил нүдэнд харагдахаар ил бус, нууц далд орших тул нутгийн иргэд ихэвчлэн санамсаргүйгээр олж мэдсэн байх ба, бүгдийг их бага хэмжээгээр эвдэн түйвээжээ. Хадны оршуулгаас урьд өмнө монгол нутгаас тэр бүр илэрч байгаагүй ховор эд хэрэглэгдэхүүн олдсон бөгөөд өнөө цагийн бидэнд үнэ хүрч хэрэг болох зүйлгүй. Харин өвөг дээдсийн түүхийн биет дурсгал, музейн ховор үзмэр, оршуулгын нэгэн төрөл гэдэг утгаараа онцгой ач холбогдолтой тул мэргэжлийн судлаачид төдийгүй сонирхогч олон нийтийн анхаарлыг цаг ямагт татаж байдаг юм. Улс орныхоо түүх-соёлын биет дурсгалыг өчүүхэн ч ойшоолгүй хайрлан хамгаалах хуулийн заалт дүрмийг үл хайхарч эвдэн бусниулжээ. Энэ нь нөгөө талаар төр засаг, орон нутгийн засаг захиргаа соёлын өвийг бүртгэл төдийгээр хязгаарлан хамгийн чухал харж хамгаалан бүрэн бүтэн байлгах гол зорилгоо орхигдуулжээ. Соёлын өвийн үнэ цэнэ, ач холбогдлыг хойч ирээдүй үедээ танин мэдүүлж бүрэн бүтэн хамгаалан хадгалж өвлүүлэн үлдээх нь иргэн бүрийн үүрэг гэдгийг таниулах нь асуудлын нэг болж байна. Агуйн оршуулгыг ухаж түйвээхээс нь өмнө судлаачид бүрэн бүтэн байдлаар нь баримтжуулан авч чадваас эртний эд өлгийн зүйлсээс гадна тухайн үеийн хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, хойд нас, сүсэг бишрэлийг агуулсан оршуулгын зан үйл зэргээрээ онцгой чухаг дурсгал болон үлдэх юм. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Эх сурвалжийг : http://www.tsagtur.mn
|
|
Сэтгэгдэл бичих хэсэг
.