RSS
 

Get Adobe Flash player

Ном нийтлэл

Баримтат кино

 

Эрэлт ихтэй мэдээ

Мини Чат









Мэдээллийг ямар хэлбэрээр авмаар байна


МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-НЫ ОРОН ЗАЙН СУДАЛГААНЫ ЗАРИМ АСУУДАЛ

 

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-НЫ ОРОН ЗАЙН СУДАЛГААНЫ 
ЗАРИМ АСУУДАЛ 
("Мау өндөр”-ийн байлдааны жишээн дээр)
С.Бат-Эрдэнэ
ШУТИС-НТС
Түүх-Аялал жуулчлалын баг
tlbaagii@yahoo.com
Ж.Бат-Отгон
ХААИС-БУС
Түүхийн тэнхим
Otgoo_j10@yahoo.com

            Монголын эзэнт гүрнийг байгуулахад түүхэн ач холбогдол бүхий суурь олон асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэсэн "May ѳндѳр"-ийн байлдааны талаар нухацтай судалсан эрдэм шинжилгээний бүтээл хомсдуу байна. Гэвч Мау өндөр хэмээх түүхт нутгийн гззар зүйн байршлыг өөрсдийн хэмжээнд "судалж” таамаглал дэвшүүлсэн хүмүүс байх боловч нэгдсэн дүгнэлтэнд одоо хэр хүрч хараахан чадаагүй байгаа юм. Жишээ нь Халх, Нѳмрѳг голуудын хооронд буй нэгэн уул бол МНТ-ны 170–р зүйлд тэмдэглэгдсэн Мау өндөр мѳн бололтой гэж, "МНТ-нд гардаг газар усны нэрийг хайж олсон нь” гэдэг бүтээлдээ академич Д.Пэрлээ тэмдэглэсэн байхад, To Зий ѲМѲЗО-ны Хишигтэн хошууны баруун ѳмнѳд этгээдээс 45 газарт буй нэгэн уул бол МНТ-д тэмдэглэсэн May өндѳр мѳн бѳгөѳд үүнээс 82 газарт Улаан бургас буй гэжээ. Бас ѲМѲЗО-ны Баруун Үзэмчин хошууны өмнѳд этгээдэд буй Улаан даваанаас үргэлжилсэн Сайн ѳндѳр хэмээх уул бл МНТ-нд тэмдэглэсэн Мау өндөр мөн гэж Ван Гуэ Вэй үзсэн байхад Пи Зей Хѳлөн нуураас баруун хойш Манжуураас баруун ѳмнѳ May ѳндѳр буй гэх мэт зайлшгүй эргэж нягтлууштай таамаглал дэвшүүлсэн байна. Тэгэхээр энэ асуудлыг нэг тийш болгохын тулд уг байлдаан болсон түүхэн нөхцлийг авч үзье. МНТ-ны тэмдэглэлүүдээс үзэхэд 1200-аад оны эхээр Хамаг монгол улсын хараат байдалд өөрийн эрхгүй орж байгаагаа Хэрэйдийн тал үндсэндээ хүлээн зөвшөөрч эхэлсэн байна. Иймд Хамаг монгол улсыг мөхөөж монгол нутагт эзэн суух цэрэг эдийн засгийн чадамж Хэрэйдэд тухайн үед байгаагүй тул заавал гаднаас томоохон туслалцаа авах шаардлага Нилха Сэнгүмд тулгарсан байна. Гэвч нүдэн дэр нь доройтсоор байгаа Хэрэйдэд туслахыг зөвшөөрөх улс байсангүй. Энэ байдлыг тандаж мэдсэн жадараны Жамуха Хэрэйдийн хан хөвгүүн Нилха Сэнгүмийг өөртөө татах арга сүвэгчилж эхэлсэн нь МНТ-ны 166-170-р зүйлийн тэмдэглэлд буй билээ. Тэрээр Чингис хааны амийг бүрэлгэх замаар Хамаг монгол улсыг мөхөөх зорилгоо хэрэгжүүлэхээр Жэжээр өндрийн Жэр хавцгай хэмээх газарт нутаглаж байсан Нилха Сэнгүмийнд очиж ятгасаар Тоорил ханаас далдуур башир арга хамтран сэджээ. Тухайлбал Нилха Сэнгүмийн дүү Худар бэхийг отгон хөвгүүн Тулуйдаа авч өгч ураг барилдуулахаар Чингис хаан өмнө нь санал тавьсныг далимдуулан "Багалзуур идэх” ёслолд түүнийг урьж ирүүлээд амь насыг нь бүрэлгэх нууц төлөвлөгөөг Тоорил ханд танилцуулсан билээ. Тэр үед Тоорил хан төрийн өдөр дутмын үйл хэргээс хөндийрөөд удаж байсан боловч тэдний санал нь Хэрэйдийн төр мөхөх үү, хуучин хэвээр оршин тогтнох уу гэдэг том асуудлыг хөндөж байсан тул энэ хэрэгт оролцохоос өөр аргагүй болжээ. Тэрээр эхлээд тэдний саналыг зөвшөөрөхгүй цааргалсан боловч Нилха Сэнгүмийн олон удаагийн гуйлт, тунирхалд уярч "хэрхэхийг Сэнгүм хөвгүүн мэдтүгэй” гэснээр хамаг хэрэг манджээ. Ингээд тэрээр "Багалзуур хуваах” ёслолд Чингис хааныг урьсан байна. Чингис хаан ч урилгыг хүлээн аваад Хэрэйдийг зорих замдаа Мүнглэг /Мэнлиг эцэг/-ийнд бууж саатан зөвлөлдөхөд "гэнэтийн энэ урилгад далд учир байж болзошгүй” хэмээн Мүнглэг хаширлаж "энэ урилгад өөрөө очиж болохгүй, агт морь туранхай байна хэмэн шалтаглаж, элч явуулан байдлыг тандах нь зүйтэй” гэж зөвлөсний дагуу Бухадай, Хирадай нарыг элчээр илгээгээд өөрөө Бурхан халдун руу яаравчлан буцссн тухай МНТ-д тэмдэглэсэн бий. Чингис хаан өөрийгө төлөөлүүлэн элч ирүүлээд замасаа гэнэт буцсан тухай Нилха Сэнгүм, Жамуха нар мэдмэгц бидний нууц төлөвлөгөө илрэв хэмээн сандралд орж, урьтаж хөдлөхөөс өөр аргагүй болсон байна. Гэтэл тэдний нууц төлөвлөгөөг Торилоос олж мэдсэн Хэрэйдийн адуучин Бадай, Хишилиг нар Чингис хаанд яаралтай хэл хүргэхийн тулд шөнө нь ороо эвдэн түлж тэлээ хурганы махаар замын хүнс бэлтгээд мэргидийн Тогтоа бэгээс Тоорил ханы олзолсон 500 газрын гүйдэлтэй ам цагаан морийг унаж тэр шөнөдөө давхисаар Бурхан халдуны Бүрхэ эрхид ирээд байсан Чингис хаанд хэл хүргэсэн тухай МНТ-д тэмдэглэхдээ Бадай, Хишилиг нарын унааны чадамж, хүнсний чанар, зам туулсан хугацааг онцлон тодруулсан нь санамсаргүй хэрэг биш бололтой. Бадай, Хишилиг нараас авсан энэ мэдээг Чингис хаан магадлаад тэр мөн шөнөдөө багтан Мау өндөрийн оройд гарч, Зэлмэ тэргүүтэй хэсэг нөхдөө цагдах харуулаар тэнд үлдээгээд, маргааш нь нар хэвийх үед Хар халзан элээтэд цэргээ засан Хэрэйдийн довтолгооныг хүлээж байсан тухай МНТ-д тэмдэглэхдээ эхлээд Мау өндөрийн оройд Чингис хаан өөрөө гарсан, байлдах газартаа очиж бие бүрэлдэхүүнээ байлдааны бэлэн байдалд оруулсан хугацааг бас л тодруулан заажээ. Тэгэхээр МНТ-ны эдгээр мэдээлэл, түүнтэй холбогдсон үйл ажиллагааны өрнөлт нь миний анхаарлыг татаад байгаа юм. Тухайлбал Бадай, Хишилиг нар яагаад заавал ороо эвдэж түлэв, яагаад заавал тэлээ хурганы махаар замын хүнс бэлтгэв, Чингис хаан яагаад заавал Мүнглэгийн очиж зөвлөлдөв, Хамаг монгол улсын төрийг мөхөх аймшигт аюул нүүрлэх гэж байхад их цэргээ цуглуулж дайсанд цохилт өгөх бэлтгэлээ хангахын оронд яагаад заавал эхлээд Мау өндрийн оройд өөрөө гарах гэж яаравчлав гэх мэт сонирхолтой олон асуудал гарч ирж байх шиг санагдана. Эдгээр асуудлыг бүхэлд нь тайлах боломж энэ удаад байхгүй болохоор зөвхөн Мүнглэгийнд Чингис хаан яагаад очсон, Мау өндрийн оройд өөрөө гарахыг Чингис хаан яагаад яаравчилсан тухай хоёрхон асуудлаар та нөхөдтэй саналаа хуваалцахыг хүсч байна. Миний судалснаар бол "Хүйтэн”-ий байлдааны дараа Чингис хаантай сөргөлдөн тэмцэх гол хүч бол Хэрэйдийн Нилха сэнгүм байсан болохоор тэр зүгээс ирэх гэнэтийн довтолгоон, тэнд болж байгаа сэжигтэй байж болзошгүй содон үйл явцуудыг танадууулахаар Хэрэйдтэй нутгийн хязгаар нийлэх газруудад хамгийн итгэлт хүмүүсээ удаан хугацаагаар нутаглуулж тэднээр дамжуулан нууц мэдээлэл зөвхөн өөрөө авдаг байсан болов уу гэж санагдлаа. Чингис хаан ер нь иймэрхүү аргыг нилээд эртнээс хэрэглэж байсан болов уу гэмээр далд утгатай мэдээлэл "Гурван зуун тайчуудыг дарсан” тухай аман түүхийн сурвалжид бас бий. Чингис хааны хамгийн итгэлтэй хүмүүсийн нэг нь Их монгол улсын 2 дахь мянганы ноёноор 1206 онд өргөмжлөгдсөн Мүнглэг эцэг яалтгүй мөн тул түүнд тусгай нууц даалгавар өгч, энд удаан хугацаагаар нутагласан байж болох юм. Газар нутгийн оноосон нэр үүсдэг нийтлэг зүй тогтлын талаас энэ асуудлыг авч үзвэл одоогийн Бага хэнтийн уулсын баруун хагаст өдөгөө буй Мөнгөлөгийн зоо хэмээх газрын унаган нэр нь Мүнгэлэг хэмээх хүн энд олон жил нутаглаж байсан учраас эхлээд түүний нэрээр энэ газар нэрлэгдэх болж аажимдаа сунжирсаар Мөнгөлөгийн зоо хэмээн нэрлэгдэх болсон бололтой. Хэрэйдэд сүүлийн үед болж байгаа сэжигтэй, содон үйл явцуудыг Чингис хааныг гэрт нь саатах зуур Мүнглэг эцэг мэдээлж сэрэмжлүүлсэн ч болов уу гэж санагдана. Чингис хаан тэндээс буцаж гэртээ харьсан хугацаанаас үзэхэд Мүнгэлэгийн байсан газар, Бурхан халдуны Бүрхэ эрхийн хооронд 40-50 км орчим зайтай байсан бололтой. Мау өндрийн оройд өөрөө яаравчлан гарсан нь өвөрмөц онцлог, магадгүй, цагийн байдлыг зөвхөн Чингис хаан өөрөө мэдэгдэж байгааг илтгэх содон май тавих аргаар байлдааны түгшүүр зарлаж бие бүрэлдэхүүнээ маш богино хугацанд бэлэн байдалд оруулсан байж болох мэт санагдана. Өөрөөр хэлбэл Мау өндөр хэмээх энэ цэг дээрээс ийм майгаар цагийн онцгой байдлыг мэдэгдэж яаралтай түгшүүр зарлах эрхтэй цорын ганц хүн нь Чингис хаан өөрөө байсан байсан бололтой. Үүнээс үүдээд бодоход одоогийн Май гэдэг үгийг эртний монголчууд Мау гэдэг байсан нь хувьссаар орчин цагийн монгол хэлнээ Май болжээ гэж санагдана. Өнөөгийн захчин ястнууд май гэдэг нэршлийг Маа гэдэг. Цэргийн эрдэмд мэргэшсэн ахмад дайчд, монгол ухааны сор болсон өтгөсийн хууч яриа, МНТ судлаач доктор Базарсүрэн, Х.Шагдар нарын бүтээлүүд, өөрийн хийсэн судалгаа зэргээс үзэхэд чонын баас, алай бутаа буюу далан товч хэмээх ургамлыг нойтовтор хомоолтой хоьж шатаасан майны утаа нь өтгөн, содон, үзэгдэц нь хол байдаг юм билээ. "Мау өндөр”-ийн байлдаантай холбогдуулан МНТ-нд тэмдэглэгдсэн Жэжээр өндөр, Жэр хавцгай, Бурхан халдун, Бүрхэ эрхи, Халх гол хэмээх түүхт нутгуудын унаган нэр, тэдний газар зүйн одоогийн байршил, хоорондох зайн бүдүүвч зураглал эндээс л үндсэндээ гарч ирж байх мэт санагдана. Тухайлбал Жэжээр өндөр Бүрхэ эрхийн хоорондох зай нь 4-5 цагийн дотор сайн морины зогсолтгүй ергөө, хатираагаар туулах дээд боломж буюу 100-130 км орчим байжээ. Энэ таамаглалыг Мау өндөр”-ийн байлдааны ажиллагаатай уялдуулан судлахад Мау өндөрөөс Хар халзан элээт хүртэл бас л үүнтэй ойролцоо зайтай байжээ. Тэгэхэр Туулын Хар шугуйгаас дорно зүгт 1200 гаруй км зайтай байгаа Мана уул, эсвэл 1600-аад км зайтай байгаа ӨМӨЗО-ны Хишигтэн, Үзэмчин хошууд, Манжуурын ойролцоо байгаа Сайн өндөр зэрэг газруудыг МНТ-нд тэмдэглэсэн Мау өндөр мөн хэмээн шинжлэх ухааны таамаглал дэвшүүлэх нь тухайн үйл явдалтай хэр нийцэж байна вэ гэдэг асуудал яалт ч үгүй тавигдаж байгаа юм. Учир юун хэмээвээс тухайн үеийн Бурхан халдун буюу одоогийн Бага хэнтий хэмээх орон зайн хүрээнд байгаа Бүрхэ эрхид нутаглаж буй Чингис хаантай байлдахын тулд Туулын хар шугуйгаас дорно зүгт 1200-1600 гаруй км зайтай буй газар руу хаврын тарчиг цагаар морь хүнээ ядраан ядраан тийм хол явах ямар шаардлага байв, шаардлага байгаад явлаа гэхэд тухайн үеийн Хэрэйдийн морин цэргүүд хэдий сайн агтастай ч ганцхан шөнийн дотор эдгээр газруудын аль нэгэнд очиж чадах уу гэдэг асуудал бас гарч ирж байна. Миний ойлголтоор бол энэ ямарч боломжгүй юм. Тэгэхээр түүхэн үнэнээс дэндүү хол мэт санагдах, шуудхан хэлэхэд хийсвэр гэмээр ийм таамаглалуудыг зарим судлаачид дэвшүүлэх болсон нь : 1. МНТ-д тэмдэглэгдсэн газар усны нэр лүгээ ижил төсөөтэй нэрүүд хаана буй талаар ахмад судлаачдаас танилцуулага хэлэлцүүлгийн шинж чанартай нийтлүүлсэн жагсаалтыг шинжлэх ухааны арга зүйгээр судлагдсан таамаглалын түвшинд авч үзсэн, 2. МНТ-нд тэмдэглэгдсэн газар усны оноосон нэрийг дагнан хөөцөлдсөн, 3. МНТ болон түүхэн сурвалжид тэмдэглэгдсэн газар, усыг судлаач бүр өөрийн нутагт татах буюу ойртуулахыг эрмэлзсэн, 4. МНТ-ны 175-р зүйлд тэмдэглэгдсэн нэгэн голын нэрийг орчин цагийн кирил, монгол хэл бичгүүдээр Халх хэмээн ташаа галигласан 5. МНТ-ны 175-р зүйлд тэмдэглэсэн үйл явдлыг Мау өндөр хэмээх газрын ойролцоо болсон гэж ойлгосон зэрэг заавал нягтлууштай өгөгдлүүдийн хүрээнд хайрцаглагдсан болов уу гэж санагдана. Тухайн үед Нилха Сэнгүмийн нутаглаж байсан Жэжэр өндөр, Чингис хааны нутаглаж байсан Бүрхэ эрхи, байлдаан болсон Мау өндөр, уг байлдааны төгсгөлийн шатанд Чингис хааны явж байсан Халх гол хэмээгдэх газар уснуудыг одоогийн Бага хэнтийгээс өрнө зүгт Туулын Хар шугуй хүрэх орон хүрээнд эрэх нь тухайн үйл явдалтай нийцэх бөгөөд шуудхан хэлэхэд зөв болов уу гэж бодогдоно. Миний бие энэ үндэслэлийг баримтлан судалгаа хийх явцад тухайн үеийн Бурхан халдун уул буюу одоогийн Бага хэнтийн уулсын өрнөд хагас бүр тодруулан хэлбэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт буй Хялга гол, мөн сумын Бугант тосгоны нутагт буй Бурхан халдуны төв хэсгээс 20 гаруйхан км зайтай буй Май өндөр, Улаан бургаст, мөн аймгийн Жавхлант сумын нутаг буюу Май өндөрөөс 80-аад км зайтай буй Зэдэрийн өндөр, Бор хавцгай гэдэг газрууд олдов. Эдгээр газруудад монголын үед хамаарах олон арван булш, дундад зууны үеийн монгол бичгийн шрифтээр бичсэн Хадны бичээс зэрэг түүх соёлын дурсгал элбэг бөгөөд "Мау өндөр”-ийн байлдаантай газрын байршлын хувьд дүйж байгаа юм. Эдгээр нэр бүхий газруудын ойролцоо буй Хүйтэн голын нэгэн байц хадан дээр монгол, дөрвөлжин үсгээр бичсэн бичээсүүдийг доктор А.Очирын тайлж уншсанаар бол 2 үсгийн бичээсэнд уг газрын ойрлцоо болсон нэгэн байлдааны тухай бичсэн, ижил утгатай байх бөгөөд төгсгөлд нь тахиа жилийн 9-р сарын 28-н хэмээн огноолжээ. МНТ-ны 176-р зүйлд тэмдэглэсэн үйл явдалтай холбогдох нэгэн голын нэрийг Халх гол хэмээн орчин цагийн монгол бичгээр бид галигладагийг "Судрын чуулган”-ны Орос орчуулгад Кылка гэж түрэг аялгаар галигласан байна. Эдгээр баримт сэлтийг нэгтгэн дүгнэхэд: 1. МНТ-г бичиглэх үед одоогийн нурууг Уул гэж, уулыг Хад гэж, толгодыг Болдог хэмээн нэрлэж байсныг үл анзааран Бурхан халдун уул гэснийг одоогийн уултай адилтган үзэж нэгэн уул хэмээн ташаа ойлгож иржээ гэж. 2. МНТ-ны 170-р зүйлд тэмдэглэсэн Жэжээр өндөр, Жэр хавцгай нь , одоогийн Бага нь хэнтийн уулсын баруун хагаст байгаа Зэдэр өндөр, Бор хавцгай, Мау өндөр, Удаан бургас нь мөн газарт буй Май өндөр, Улаан бургаст мөн гэж, 3. МНТ-ны 176-р зүйлд буй нэгэн голын нэрийг Халх гол хэмээн орчин цагийн монгол бичгээр бидний галигласан нь Кылка гэдэг Түрэг үгийн (К) үсэг хятад, монгол хэл, бичигт байхгүй учраас МНТ-ны ханз үсгийн хувилбарт орчин цагийн кирил бичгийн Х үсгээр сийрүүлсэнээс энэхүү голын унаган нэр орчин цагийн хэлэнд ташаарсан бололтой. Иймд одоогийн Бага хэнтийн уулсын хойт бэлээс эх авч 70 гаруй км урсаад ОХУ-ын Улаан цөхийн районы Хилго тосгоны нутаг дээр Цөх голд цутгаж буй Хилга гол бол "Мау өндөр”-ийн тулалдааны төгсгөлийн шатанд Чингис хааны явж байсан газар мөн гэж, 4. Чингис хааны хошууч баатар Хуйлдарыг оршуулсан Хэлтгий хад нь Хилга голын эхнээс зүүн урагш 10-аадхан км зайтай байгаа Хэлтгий уул мөн гэж, 5. Монгол төрийн түүхэнд холбогдох нэгэн үйл явдлыг хоорондоо 400 гаруй жилийн зайтай үүссэн бичгээр Бага хэнтийн баруун хагаст буй Хүйтэн голын нэгэн байц хадан дээр давтан бичсэн нь уг үйл явдлын түүхэн ач холбогдол нэн өндөр байсан учраас Монгол бичгийг төрийн бичиг байхад уг бичээсийг анх бичсэн бөгөөд хожим дөрвөлжин бичиг төрийн бичиг болох үед сэргээн сийрүүлжээ хэмээн үзэж болох юм гэсэн санал дэвшүүлж байна.
Ашигласан ном

1. Балжинням.Б. Монголчуудын бүрэн түүхийн товчоон. 1-р боть. УБ.2005 он.
2. Ардаажав.Э. Монголын нууц товчоон.Сийрүүлэл-тайлбар. Хөх хот.1991 он.
3. Гаадамба Ш. Монголын нууц товчоон.  60–р зүйл.  УБ.1990 он.
4. Дарма гүүш. Алтан хүрдэн мянган хэгээст.  Хөх хот 1987 он.
5. Ардаажав.Э. Монголын нууц товчоон.Сийрүүлэл-тайлбар. Хөх хот.1991 он.
6. Сумяабаатар Б. Монгол ун нигуча тобчиян.  УБ.
7. Ардаажав.Э. Монголын нууц товчоон.Сийрүүлэл-тайлбар.  Хөх хот.1991 он.



Сэтгэгдэл бичих хэсэг

.
 
 
1 о.бавуу  
0
хvний судалгааны материалыг авч хэрэглсэн юм бол адаглаад нэрийг нь шишлэл дээр нь биччихдэг соелд суралцаач. О.Бавуу

Нэр *:
Eмайл:
Код *:
Скачать игры бесплатно
 
Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.
 
[TITLE]
[BODY]