Эртний дэлхийн 7 гайхамшигЭртний Дэлхийн 7 гайхамшиг нь сонгодог үеийн хүний гараар бүтээгдсэн уран нарийн хийц бүхий маш алдартай байгууламжууд билээ. Энэ бүтээлүүд нь Газрын дундад тэнгисийн эрэг орчмын нутгуудад бүтээгдсэн барилга байгууламжууд бөгөөд Эртний Грек хүмүүсийн үзэл бодлоор илэрхийлэгдсэн байдаг. Үүнд Гизагийн агуу Пирамид, Вавилоны дүүжинт цэцэрлэг, Артемисийн сүм, Олимп дахь Зевсийн хөшөө, Мауссолос хааны бунхан, Родоссийн Колоссус, Александрын гэрэлт цамхаг ордог. Грекчүүд энэхүү зүйлсийг гайхамшиг гэхээсээ илүү заавал үзэх ёстой байгууламжууд гэж тооцдог байжээ. Түүхч Геродот /МЭӨ484 – 425/, эрдэмтэн Киренегийн Каллимакус /МЭӨ 305-204 он орчим/ эртний үеийн "7 гайхамшиг”-ийн жагсаалт хийсэн нь Александрия хотын музейд хадгалагддаг байсан тухай бичигдсэн байдаг ч өнөө үед уг бичээсүүд хадгалагдаж үлдээгүй байна. МЭӨ 140 оны үед Сидоны Антипатер энэхүү гайхамшигуудын жагсаалтыг эмхлэн нэгтгэж, байгууламжуудын бүтцийг тайлбарласан яруу найраг тууривжээ. "...Би хос дугуйт тулааны морин тэрэг явж болохуйц зам бүхий Вавилоны өргөн хэрэм, дүүжинт цэцэрлэг, Олимп уулын Зевс, Родосын Гелиос, агуу Пирамидууд, Мауссолосын бунханг нүдээрээ үзсэн боловч тэдгээрийн аль нь ч үүлсийн дээр сүндэрлэх Артемисийн сүмийн гуа үзэсгэлэнг үл гүйцэх билээ...” Антипатер, Грекийн утга зохиолын цоморлиг, IX.58 1. ГИЗАГИЙН АУГАА ПИРАМИДХеопсын буюу Хуфугийн пирамид Гизагийн аугаа пирамид. 2005 онд. МЭӨ 2560 онд байгуулагдсан уг пирамид нь Дэлхийн хамгийн эртний, хамгийн аварга томд тооцогддог. Гизагийн агуу пирамид гэдэг Хеопсын (Хуфугийн) пирамид нь өнөөгийн Египет улсын нийслэл Кайр хотын ойролцоох Гизад орших хаадын оршуулгын цогцолбор пирамидуудын хамгийн аварга, хамгийн эртнийх нь бөгөөд Эртний Дэлхийн 7 гайхамшгаас өнөөдөр үлдэж хоцорсон цорын ганц бүтээл юм. Энэхүү байгууламжийг Египетийн дөрөв дэх хаант улсын фараон Хуфугийн (Грекээр Хеопс хэмээн дуудагддаг) шарилыг хадгалах булш гэж үздэг бөгөөд 20 жилийн турш барьж МЭӨ 2560 онд дуусгасан гэж таамагладаг. Уг пирамид баригдаж дууссан цагаасаа хойш 3800 жилийн турш хүний гараар бүтээгдсэн хамгийн өндөр байгууламж байсан байна. Түүхэн цогцолборХуфу пирамид нь Гизагийн цогцолборын үндсэн байгууламж бөгөөд уг цогцолборт Хуфу пирамидаас гадна гашуудлын хос сүм (нэг нь Хуфугийн хажууд, нөгөө нь Нилийн эргийн ойролцоо), Хуфу фараоны эхнэрүүдэд зориулсан "дагуул” маягийн гурван жижиг пирамид, сурвалжит угсаатнуудын шарилыг хадгалах мастаба хэлбэрийн булшнууд тэдгээрийг холбосон замууд ордог. Жижиг гурван пирамидын нэгэнд нь фараон Хуфугийн их хатан Хэтэфэрэсийн шарил, нөгөөд нь хатан бөгөөд төрсөн эгч Снеферугийн шарил, сүүлийнхэд нь фараоны эхийн шарил хадгалагдаж байдаг болохыг 1925 онд нээсэн байна. Тус цогцолборт мөн Гизагийн ажилчдын суурин байдаг байсан ба нийтийн оршуулгын газар, талх барих газар, шар айраг исгэх газар, зэс хайлуулах цогцолборууд байдаг байжээ. Гэхдээ уг цогцолборын нийт байгууламжийг одоо хүртэл бүрэн нээж, судалж амжаагүй байгаа юм. Агуу пирамидаас баруун өмнө зүгт хэдхэн зуун метр зайд түүнээс арай намхан Хафра фараоны пирамид байдаг. Хафра фараон нь Хуфуг залгамжлагчдын нэг бөгөөд түүний үед Сфинксийг байгуулсан гэх үзэл түгээмэл байдаг. Хафрагийн пирамидаас баруун өмнө хэдхэн зуун метрийн цаана Хафрагийн залгамжлагч Менкаур фараоны пирамид байдаг ба Хафрагийн пирамидын хагастай нь дүйцэхүйц өндөртэй байдаг. Хуфу пирамид нь ерөнхийдөө МЭӨ2560 онд дууссан гэж үздэг бөгөөд энэ нь радиокарбон шинжилгээгээр батлагддаг. Уг пирамидыг Хуфугийн шадар туслах Хемиунугийн зураг төслөөр барьсан гэж үздэг. Хэрхэн бүтээсэн тухай онолуудАгуу пирамидыг барихад хэдий хэмжээний ажиллах хүч оролцсон талаар өөр хоорондоо ялгаа бүхий маш олон мэдээллүүд байдаг. МЭӨ V зуунд амьдарч асан Эртний Грекийн түүхч Геродот Пирамид барих 20 жилийн хугацаанд 100000 ажилчин шаардагдсан гэж тэмдэглэсэн байдаг. Саяхан пирамидыг барьсан ажилчид өндөр мэдлэг бүхий хүмүүс байсан байх ёстой хэмээн баталж байна. Польшийн архитекторч В.Кочински 1,5 тонн чулуун шоонуудыг тээвэрлэх, байрлуулахад дор хаяж 20 хүн шаардлагатай гэж үзсэн бөгөөд үүн дээрээ тулгуурлан 300000 ажилчин байрлан ажиллаж, байнгын бус 60000 хүн нэмж ажиллуулж байж пирамидыг барьсан гэж тооцсон байна. XIX зууны үед амьдарч байсан Египет судлаач Вилъям Флиндерс Петри эртний Египетийн хөдөөгийн хүн ам болон боолууд Нил мөрний дагуу газар тариалан эрхэлж, хүнсээр хангаж байсан тул уг байгууламжид ажиллаж байгаагүй гэж таамаглал дэвшүүлж байв. Харин Египет судлаач Мирослав Вернер өөрийн таамаглалдаа ажилчдыг шатлан захирах ёсны зохион байгуулалттай байсан ба тус бүр нь 20000 хүн бүхий ур чадвар, ажлын хэлбэрээрээ ялгаатай 5 бүлэгт хуваагддаг байсан гэсэн санаа дэвшүүлсэн байдаг. Мөн математикч Курт Мендельсон хамгийн ихдээ 50000, судлаач Людвиг Бронкарт, Луйс Кроон нар 36000, Вернер 30000 хүн ажиллаж байсан гэж таамагласан байдаг. Египет судлаач Марк Лехнер тэргүүтэй судлаачид, "Дэниел, Манн, Жонсон ба Менденхалл” пүүстэй хамтран практик судалгаа хийж туршсан байна. Туршилтаар Пирамид барихад дунджаар 14,667 ажилчин шаардлагатай бөгөөд ойролцоогоор 10 жилийн дотор дуусгах боломжтой гэж гарчээ. Мөн ямар нэгэн хөдөлмөр хөнгөвчилөх дугуй, араа, төмөр багажууд ашиглаагүй гэж үзвэл 40000 ажилчин шардлагатай гэж үзжээ. Тэд 2-2,8 сая (дунджаар 2,4 сая) ширхэг чулуун шоог оруулан барьсан гэж таамаглан олон төрлийн хувилбар тооцоог хийсэн бөгөөд өдөр бүр 10 цаг ажиллах ба цагт дунджаар 180 блок (1 минутанд 3 чулуун блок) байрлуулж байсан гэж тооцсон байдаг аж. Барилгыг барихад шаардагдаж байсан чулуун блокуудыг зөөхөд 27 жил шаардагдах байсан гэж Америкийн нэг судлаач өнөөгийн чулууны уурхайнуудын үйл ажиллагаанд үндэслэн таамагласан байдаг. Иймээс тэрээр 20 жилийн дотор баригдсан гэдэг нь үндэслэл багатай хэмээн үзсэн байдаг. Гизагийн өндөрлөгт уг байгууламжуудын цогцолборыг байгуулахад 5 хааны нүүрийг үзсэн 100-аас багагүй жил шаардагдсан. Гизад анх МЭӨ 2687-2667 онд төр барьж байсан Жосер фараон Саккарын алхамт пирамид, Улаан пирамид, Тахир пирамидуудын барилгыг эхлүүжээ. Зөвхөн эдгээрт 100000 куб метр хад, бул чулуу орсон байна. Египет судлаачид Хуфу пирамидыг барихад шаардагдсан хүн цагийн тооцооны дараах томъёоллыг гаргаж иржээ. 2,4 сая чулуу хэрэглэсэн ÷ 20 жил зарцуулсан ÷ 1 жилд 365 өдөр байдаг ÷ өдөрт 10 цаг ажилладаг байсан ÷ 1 цагт 60 минут байдаг учир 1 минутанд 0,55 чулууг байрлуулж байжээ хэмээн тооцсон байдаг. Өөрөөр хэлбэл ажиллаж буй хүний тооноос үл хамааран 20 минут тутамд 11 блок суурилуулдаг байжээ. БүтэцПапирус дээр бичигдсэн баримтуудаас үзвэл эртний Египетчүүд кубит хэмээх хэмжээсийг ашиглаж байсан бөгөөд нэг кубит нь 52 см орчим болдог. Анх баригдаж байхдаа Египетийн хаан кубит хэмээх хэмжээсээр Хуфу пирамид нь 280 (144,6 метр), суурийн тал бүр нь 440 (231метр) хаан кубит байсан ажээ. Хуфу пирамид ойролцоогоор 53000 кв.км талбайг эзэлдэг, хажуу гадаргуугийн налуу нь 51°50'40" байсан ажээ. Харин өнөөдөр пирамид элэгдэж 138,8 метр өндөр, тал бүр нь 230,4 метр болсон байна. 1301 онд болсон газар хөдлөлтөөр гадна талын чулуунууд маш их суларч хөндийрөн, унасан байсны зарим хэсгийг 1356 онд Бахри султан Кайр хотруу зөөлгүүлэн усан боомт болон сүм барихад ашигласан байна. Мөн нилээд их хэмжээний хэсгийг нь малталт хийж байсан судлаачид уг бүсээс зайлуулсан ажээ. Хэдий тийм боловч өнөөг хүртэд Хуфу пирамидын ойролцоо олон тооны ижил хэмжээ бүхий унанги чулуунууд байсаар байдаг билээ. 1882 онд хэвлэгдсэн алдар Египет судлаач Вилъям Флиндерс Петригийн "Гизагийн сүмүүд болон пирамидууд” номонд өөрийн судалгааны ажлын талаар пирамидуудын талаар маш нарийн өгүүлсэн байдаг. Хуфу пирамидын дотоод засал чимэглэл нь Гизагийн бус пирамидуудаас нилээд ялгаатай байдаг. Өрөө, танхимын тоогоор хамгийн олон бөгөөд маш нарийн, нягт нямбай хийсэн байдаг. Ерөнхийдөө дотоод засал чимэглэлүүд нь Хуфу фараоны 17 жилийн засаглал, түүний анд нөхөд, шадруудын талаар өгүүлсэн байдаг. Одоогоор пирамидын дотор мэдэгдээд байгаа 3 өрөө байгаа бөгөөд тэдгээр нь пирамидын босоо тэнхлэгийн дагуу байрласан байдаг. Газар доорхи өрөө, фараоны өрөө, хатны өрөө гэсэн 3 өрөө, агааржуулах хонгилууд болон хааны өрөөнд хүргэх их хонгил олдоод байна. Байгуулсан аргачлалЭртний Египетүүд пирамидад ашиглах хадан блокуудаа Этиопын уулархаг бүсийн хаа нэгтээ орших хадан уулнуудаас авч, Нил мөрнөөр зөөж Гизад авчирсан бөгөөд түүгээрээ пирамидуудыг барьсан. чулууг тэгшхэн гаргаж авахдаа энгийн арга ашиглаж байжээ. Тухайлбал эхлээд хадаа сайтар хэмжин тэмдэглээд тодорхой цэгүүдэд хадаа нүхлэн модон гадас шаагаад, өдөр бүр усалдаг байжээ. Ингэхлээр мод аажмаар тэлээд хад тооцоолсны дагуу цуурдаг байж. Ингэмэгц засч янзлаад Нилийн урсгалын дагуу салаар зөөж, Гизагийн ойролцоо авчраад пирамидын барилгын ажилд хэрэглэдэг байжээ. Пирамид өндөрсөхийн хэрээр түүний нэг талыг налуулан илүү ташилт бүхий элсэн налуу ухаа үүсгэж, түүгээрээ чулуунуудаа гулдран дээш нь гаргаад байдаг байж. Баригдаж дуусмагц элсэн ханаа нурааж тэгшилдэг байжээ. 2. ВАВИЛОНЫ ДҮҮЖИНТ ЦЭЦЭРЛЭГВавилоны дүүжинт цэцэрлэг буюу Семирамисийн дүүжинт цэцэрлэг (Англи хэл: Hanging Gardens of Babylon) нь өнөөгийн Иракийн Ал Хилла хотын ойролцоо байсан Эртний Дэлхийн 7 гайхамшгийн нэг гэж үздэг. Уг байгууламжийг МЭӨ 600 оны орчимд шинэ Вавилоны хаант улс буюу Чалдийн хаан Навуходоносор II-ын зарлигаар байгуулсан. Тэрээр өөрийн эхнэр Мэдиагийн Амитист зориулан бариулсан бөгөөд урт наст модод, анхилуун үнэрт цэцэгс, ургамлыг түүний эх орноос авчруулан ургуулсан ажээ. Уг цэцэрлэг МЭӨ I зууны үед газар хөдлөлтөөр сүйрсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. Грекийн түүхч Диодорус Сикулус, газарзүйч Страбо нар өндөр, сахлаг ургамал бүхий дүүжинт цэцэрлэгийн талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Усалгааны систем нь Архимедын шургийн дүрэм ашигладаг байсан гэж таамагладаг. Грек сурвалжуудад тэмдэглэгдсэн байдал Страбо:" ...Вавилон 385 стади хэрэм бүхий сүрлэг хот. Хэрэм нь 35 тохой өргөн, цамхгуудынхаа хооронд 50 кубит өндөр, цамхаг бүр нь 60 кубит байдаг. Хэрмийн дээгүүр дөрвөн морь хөлөглөсөн байлдааны тэрэг хялбар явж болдог. Мөн энд Ертөнцийн 7 гайхамшгийн нэг гэж тооцогддог дүүжинт цэцэрлэг оршдог. Цэцэрлэг дөрвөлжин хэлбэртэй, тал бүр нь 100 тохой урт, гулдан хаалгануудтай. Гулдан хаалга, нуруунуудад тулгуурласан дөрвөлжин суурь нь тоосго болон асфальтаар хийгдсэн хөндий бөгөөд дээгүүр нь хөрсөөр бүтээн аварга моддыг суулгаж ургуулсан байдаг. Шаталсан хэлбэр бүхий дэвсгүүд дээр ургамал тарьсан байдаг ба түүнийг услах усаа Евфрат мөрнөөс татдаг системтэй байв. Вавилон хотын дундуур урсах эл мөрөн цэнгэлдэх хүрээлэнтэй дүйцэхүйц өргөнтэй бөгөөд түүний хажууд Семирамисийн цэцэрлэгийг байгуулсан...” Диодориус:" ...Цэцэрлэг 100 тохой өргөн, 100 тохой урт бөгөөд театртай төстэй хэлбэр бүхий шаталсан тавцангуудтай. Доогуураа гулдан хаалгатай дэнж дээр маш сайхан цэцэрлэг байгуулсан байдаг. Хамгийн дээд хэсэгт орших цэцэрлэг хүртэл 75 тохой өндөр, хотын хэрэмтэй зэрэгцэж очихуйц байв. 16 тохой урт, чулуугаар баригдсан оройн хэсгийн гулдангуудын тусламжтайгаар 2 урсгал бий болгон дэвсгүүдийг усалдаг байв. Хөрсний зузаан нь том моддыг тарьж болохуйц зузаан байдаг. Дэвсэг бүр олон төрлийн модод бүхий өтгөн сахлаг ургамалтай байсан. Нар үргэлж тусаж байхуйцаар төлөвлөн хийсэн бөгөөд гадна талаасаа харагдахгүй усан хоолойгоор дамжуулсан усалгааны системтэй байсан...” Бусад сурвалжуудад тэмдэглэгдсэн байдалScriptores Rerum Alexandrii Magni "… Тэнд мөн Дүүжинт цэцэрлэг байдаг. Параклэйсос ууланд авирч буй мэт дээш мацан гарлаа. Дээшлэх тусам дэвсэг бүрт Сиринкст талархсан ус хангах хоолойнууд байрласан байдаг. Оройн хэсэгтээ цэцэрлэгийг дээрээс нь тольдон харах чулуун тагттай. Маш олон төрлийн мод бүхий агуу том, гуа сайхан цэцэрлэгийг харж, түүний гэрч болсноороо сэтгэл туйлаас баясна. Гадна талаасаа үл мэдэгдэм өндөр түвшинд хангалттай усыг хүргэх усан хоолой бүхий усалгааны системтэй байлаа..." Цэцэрлэг үнэхээр оршин байсан уу?Уг цэцэрлэг бодитоор оршин байсан уу, эсвэл зүгээр л уран зохиолын хийсвэр дүрслэл байсан уу гэдэгт Вавилоны түүхийн он дарааллын бичгүүд бүрэн хариулт өгч чаддаггүй. Вавилоны дүүжинт цэцэрлэгийн тухай хамгийн анх МЭӨ IV зууны үед амьдарч байсан Чалдийн их лам Бероссус өөрийн номондоо дүрслэн үзүүлсэн байдаг. Мөн Грекийн түүхчид нилээд нарийн тодорхой тэмдэглэсэн байдаг. Саяхан Иракт уг ордон байсан гэх газарт археологийн малталт хийсэн бөгөөд гулдан хаалганы тууриуд, 25 метр орчим зузаантай, дээр нь үр тариа тарьж байсан ул мөр бүхий хана олжээ. Гэвч Евфрат мөрний эрэг хавьд орших уг ордны цогцолборт Вавилоны цэцэрлэг байсан эсэх талаар маргаантай байсаар байгаа билээ. 3. ОЛИМП ДАХЬ ЗЕВСИЙН ХӨШӨӨ Олимп уулан дахь Зевсийн хөшөө (Англи хэл: Statue of Zeus at Olympia) нь Эртний Дэлхийн 7 гайхамшигт ордог. Уг хөшөөг сонгодог үеийн алдарт уран барималч Фидиас МЭӨ 432 оны орчимд Грекийн Олимп уулнаа барьсан байна. Суумал дүртэй уг хөшөө нь өргөн цэлгэр сүмийн хойморт байрласан, ойролцоогоор 12 метр өндөр байсан ажээ. "Хэрэв Зевс босоод зогссон бол сүмдээ багтахгүй байх байсан” гэж МЭӨ I зууны үед газарзүйч Страбо тэмдэглэсэн байдаг. Уг хөшөөг эртний Грекийн баримал урлалын нэг төрөл болох chryselephantine аргаар хийсэн бөгөөд хөшөөний их биеийг модоор босгон, дээгүүр нь нимгэн алтаар бүрж, зааны ясаар чимэглэсэн байжээ. Энэхүү уран барималд зориулан алт, зааны яс, халуун орны үнэт хар мод, үнэт чулуун чимэглэл бүхий хуш модон сэнтий урласан байдаг. Зевсийн баруун гарт нь ялалтын охин тэнгэр Никейгийн багахан хөшөө, зүүн гарт нь гэрэлт таяг бариулж, бүргэд суулгасан байдаг байв. Уг хөшөө хэрхэн устсан тухай асуудал нилээд маргаантай байдаг. Зарим судлаачид үздэгээр МЭV зууны үед сөнөхдөө Константинополь хот улсын мэдэлд байхдаа их түймэрт автан шатаж үгүй болсон гэдэг. 1954-1958 оны хооронд Олимп уулнаа археологийн малталт хийж уг байгууламжийн суурь байх боломжтойг нотолсон бөгөөд дахин сэргээн байгуулж болох техникийн ажлыг нь хийсэн байдаг Фидиасийн загварыг эх болгон гантиг, хүрлээр сэргээн босгосон Сууж буй Зевс. (Эрмитаж, Санкт Петербург) 4. АРТИМЕСИЙН СҮМ Артемисийн сүм нь (Грек хэл: Ἀρτεμίσιον) буюу Дианагийн сүм хэмээн нэрлэгддэг уг байгууламж нь Артемист зориулан байгуулагдсан бөгөөд Персийн Ахейменидийн улсын (одоогийн Турк) нутаг Эфест МЭӨ 500 оны орчимд баригджээ. Хүрлийн үеийн соёлын дурсгал, эртний дэлхийн 7 гайхамшгийн нэг уг сүмийг Лидийн Кроесусын зарлигаар баригдсан бөгөөд 120 гаруй жилийн турш барьж байгуулсан байна. Сидоны Антипатерийн тэмдэглэснээр Эртний Дэлхийн 7 гайхамшигт орсон байдаг. БайршилЭфесийн хатагтай, МЭ I зуун (Эфесийн музей), Эфес хот, Турк Артемисийн сүм нь эртний Эфес хотын ойролцоо байдаг ба өнөөгийн Турк улсын Измир хотоос өмнө зүгт 50 орчим км-т оршдог байв. Артемис нь эртний Грекийн шашны дарь эх бөгөөд Аполлоны ихрийнм өрөөсөн, сарны бурхан юм. Афинд дарь эхүүд дундаас Артемисийг илүү хүндэтгэн алдаршуулдаг байв. Эфест амьдрагч Грекүүд Артемисийг цог жавхлан төгс байдлаар илэрхийлдэг байсан бөгөөд эрдэнийн чулуугаар чимэглэсэн модон бурхад урладаг байв. Эфесийн Артемис нь гоо үзэсгэлэнт залуу бүсгүйн дүртэй бөгөөд түүний хувцасны чимэглэл нь өндгийг санагдуулам байдаг аж. Эртний Грекийн соёл иргэншлээс өмнөх шашны онцлог Артемисийн баримлуудад тусгалаа олсон байдаг. ТүүхЭнэ газарт Артемис нь маш эртнээс шүтээн болж байжээ. Эртний грекийн жуулчин, түүхч Паусаниас Артемис нь маш эртний шүтээн хэмээн дурдсан байдаг. Артемис нь Аполлон адил хүндлэгдэж байсан ба Грек, Лидичүүдийн шүтээн байжээ. Амазоны дайчдын тухай домог ч Артемисаас гаралтай гэж үзэх нь бий. Дэлхийн нэгдүгээр дайны өмнө археологич Д.Г.Хогарт Эфест малталт хийсэн бөгөөд МЭӨ VIII зууны дунд үед хамаарах сүмийн тууриас Артемисийн баримлыг олсон байдаг. Түүний энэ ололт нь хүрлийн үед амьдарч байсан хүмүүст хамаарах бөгөөд магадгүй Бага Aзийг эртний Грекүүд колоничлохоос өмнөх үед хамаарах болохыг харуулсан байна. МЭӨVII зууны үед сүм үерт автан гэмтэж, хагас метр орчим лаг шавраар булагдсан байсан бөгөөд энэ үед Артемисийн модон баримал нилээд гэмтсэн аж. Шинэ сүм барих ажил МЭӨ 550 оны орчимд өрнөсөн бөгөөд Крит арлын архитекторч Херсифрон, түүний хүү Метагенес нар ёслол хүндэтгэлийн дугуй танхим бүхий баганат сүмийн загварыг гарган гантигаар урласан байна. Шүтээн бурхныг үнэт модод, эрдэнийн чулуу оруулан шинээр урлан залжээ. Уг сүмийг Лидийн хаан Kроесус өөрийн сан хөмрөгөөс нилээд их хэмжээний хөрөнгө гарган улам сайжруулан чимэглүүлсэн байна. Уг сүмийг газар хөдлөлтөд өртөн устахгүй байлгахын тулд намгархаг зөөлөн хөрстэй газар байгуулжээ. Сүмийг үзсэн хаад, аялагчид, худалдаачид түүний тансаг байдал, архитектурын гайхамшгийг бишрэн алмайрдаг байсан бөгөөд Артемисийн сүмийн гуа үзэсгэлэнг алдаршуулан магтдаг байжээ. Сүмийн тансаг, алдартай байдал нь Эфесийг мөргөлч, сүсэгтнүүдийн очдог гол төв болоход нөлөөлжээ. Кроесус сүмээ хамгаалалтанд авч, сүсэг бишрэлийн төв болгосон бөгөөд Амазоны дайчдын талаарх домогтой холбогдон ихээхэн алдар нэрийг авчирчээ. СүйрэлАртемисийн сүм МЭӨ 321 оны 7 сарын 21-нд Геростратус хэмээх хүний санаатайгаар шатаасан үйлдлээс болж сүйрсэн. Түүхэнд тэмдэглэснээр тэрээр алдар нэртэй болохын тулд энэ үйлдлийг хийсэн гэдэг бөгөөд "Геростратусын алдар гавъяа” хэмээх хэлц үг бий болсон гэдэг. Эфесийнхэн бузар булай үйлдэл хийсэн түүний нэрийг түүхийн аль ч цагт дурсахыг хатуу хориглодог байсан ба хэзээ ч тэмдэглээгүй байна. Харин Грекийн түүхч Страбо үүнийг тэмдэглэн үлдээснээр өнөө үед мэдэгдсэн. Сонирхолтой нь сүмийг шатдаг тэр шөнө Аугаа Александр хаан хорвоод мэндэлж байжээ. Плутарх дарь эх Артемис Александр хааныг төрөхөд хэт их анхаарлаа хандуулж байсан тул өөрийн сүмийг шатаахыг анзааралгүй өнгөрсөн хэмээн өгүүлсэн байдаг. Александр хаан сүүлд нь Артемисийн сүмийг дахин сэргээн байгуулахыг хүссэн ч Эфесийнхэн төдийлөн дуртай байгаагүй байна. Гэвч уг сүм МЭӨ323 онд дахин баригдсан бөгөөд яг энэ үеэр Александр хаан нас эцэслэн байна. Дахин баригдсан сүмийг 262 онд готууд тонон дээрэмдэж, эвдэн сүйтгэсэн байна. Үүний дараа Эфесийнхэн сүмээ дахин байгуулсан байна. Гэвч 200 орчим жилийн дараа 391 онд Христийн шашныг шүтэгч Теодесиус I хаан уг сүмийг хаахыг зарлигдсан байна. Улмаар 401 онд бүр мөсөн нураажээ. Гэгээн Жон Хрисостом гэгч сүмийн чулууг ашиглан бусад барилга байгууламжийг байгуулахаар шийдэн нураалгасан байна. Хажи Софи нэрээрээ алдаршсан дуганы зарим багана нь Артемисийн сүмийн чулуунууд байдаг. АрхитектурПлини Артемисийн сүмийн хэмжээг нилээд нарийн тодорхой тэмдэглэсэн байдаг ч маш олон ялгаатай мэдээлэл өнөө үед хадгалагдан иржээ. Плинигийн тодорхойлсноор сүм 377 тохой (115метр орчим) урт, 180 тохой (55метр орчим) өргөн, бараг бүхэлдээ гантигаар хийгдсэн, Парфеноны хэмжээнээс 3 дахин том байжээ. Сүм тус бүр нь 60 тохой (18 метр орчим) өндөртэй Ионик маягийн 127 баганатай байв. Артемисийн сүмд олон тооны маш сайн урлагийн бүтээлүүд байдаг байжээ. Тухайн үеийн Эллиний соёлын сод барималчид болох Поликлитус, Фейдиас, Кресилас, Фрадмоны уран баримлуудаар чимэглэсэн ба алт мөнгөн шармалаар чимэглэсэн байдаг байжээ. Ихэнх барималууд нь Эфесус хотыг үндэслэгч Амазоны дайчдыг дүрсэлсэн урлагийн төгс бүтээл байжээ. Артемис дарь эхийн үндсэн хөшөөг Дуадалусын шавь Афины Афинагорас гэж нэрлэгддэг Эндоеус урласан байна. 5. МАУССОЛОС ХААНЫ БУНХАНМауссоллосын бунхан, 1572. Maртин Хээмскэрк Мауссоллосын булш, Маузоллосын бунхан (Грек хэл: Μαυσωλεῖον της Ἁλικαρνασσοῦ) эсвэл Галикарнассусын бунхан гэж олноо нэрлэгддэг байгууламж нь МЭӨ 353-350 оны хооронд Персийн нэгэн хаант улсын хаан Мауссоллос болон түүний эхнэр бөгөөд эгч нь болох Кариагийн Артемис II нарт зориулан Галикарнассус буюу одоогийн Турк улсын Бодрумд баригджээ. Уг барилгыг Грекийн архитекторч Сатирус, Пифиус нарын удирдлага дор барьсан бөгөөд ойролцоогоор 45 метр өндөр, эртний Грекийн уран барилгын мастерууд болох Леокарес, Бриаксис, Паросын Скопас болон Тимофиус нарын уран барилгын онцлогийг тусган, чимэглэл бүхий 4 өөр талтай хийсэн бөгөөд Сидоны Антипатер Эртний Дэлхийн 7 гайхамшгийн нэг хэмээн нэрлэсэн байдаг. Мавзолиум буюу Мавзолей (Өрнө дахинд бунхан хэмээн ойлгогддог) хэмээх үг нь ерөнхийдөө аварга том бунханг илэрхийлдэг бөгөөд Мауссоллост зориулсан хэмээх утгатай Грек үг юм. Маусоллос ба Артемис хоёрын амьдралАнатолийн эрэгт орших бяцхан хаант улсын нийслэлийг Галикарнассус хэмээн нэрлэдэг байжээ. МЭӨ 377 онд уг улсын хаан Милосын Гекатомнус нас барж, түүний орыг ханхүү Мауссоллос залгав. Гекатомнус Персийн эзэнт гүрний харъяанд байдаг байсан ба өөрийн улсаас гадна хөрш хэд хэдэн хот, мужийг захирдаг байв. Гекатомнус хаан Маусоллос ба Артемис нараас гадна Ада (Mакедоны Александрын өргөсөн эх), Идриус, Пиксодарус гэсэн хүүхдүүдтэй байв. Мауссоллос хаан болмогц өөрийн газар нутгаа Анатолийн баруун өмнөд эрэг тийш тэлж, нилээд хэдэн хотыг өөрийн эзэмшилдээ авчээ. Тэрээр 25 жил орчим хаан ширээнд суусан байна. Тэрээр Анатолийн эрэгт маш олон Грек хотуудын суурийг тавьсан ба Грекийн ардчиллыг ихээр хөхиүлэн дэмждэг байв. Тэрээр шинэ нийслэл хоттой болохоор шийдэн Галикарнассусыг шинэчилж эхлэв. Тэрээр хотыг тэнгистэй холбох боомтыг сайжруулан томруулж, Тэнгисийн давалгаанаа орж ирэхгүй болгосны сацуу хотын жирийн иргэдийн байшингууд, хотын төв талбай, гудамжуудыг холбосон засмал зам тавьсан байна. Миниатурк дэх Галикарнассусын бунхны багасгасан загвар, Истанбул Мөн хотын боомтын эрэг хавьд өөртөө зориулан тэнгис болон эх газрын аль алийг нь бүрэн тольдон харж чадахуйц өндөрлөг газарт хүчирхэг хамгаалалт бүхий ордон босгуулсан байна. Хотыг тойруулан харуулын цамхаг бүхий хэрэм босгуулж, Грек маягийн хэв загвартай гоёмсог театр, сүмийг бариулжээ. Маусоллос ба Артемис нар их хэмжээний татвар ногдуулан, түүгээрээ нийслэл хотоо хөгжүүлсэн байна. Гялалзан гэрэлтэх цагаан гантигаар хөшөө дурсгалууд босгон, сүм, барилгуудыг чимдэг байв. Хотын төвд тэднийг нас барсны дараа цогцсыг нь амгалан нойрсуулах, үргэлжид баян тансаг харагдах ордон барихаар төлөвлөжээ. МЭӨ353 онд Мауссоллос хаан нас барлаа. Улсын удирдлага нь түүний цусан төрлийнхнийг агуулсан баян, хүчтэй гэр бүл байсан ба түүнд зориулан өөрийнх нь нэрээр нэрлэсэн аварга бунхан бариулахаар шийдсэн байна. Барилгын ажил эхлэх үеэр улс оронд хямрал дэгдэв. Мауссоллос хаан aмьд байхдаа Эгейн тэнгист орших Грек соёл иргэншил бүхий Родос арлыг байлдан дагуулж эрхшээлдээ оруулсан боловч Родос арлынхан түүнийг нас барсныг дуулаад бослого дэгдээн улмаар Галикарнассус хотыг эзлэн түрэмгийлэхээр өөрийн флотоо илгээжээ. Родосын флотын ирэх замыг мэдэж байсан Артемис өөрийн флотоо хотын эрэг орчмын буланд нууж, Родосын цэргүүд эрэг рүү гармагц тэдний онгоцууд руу довтлуулан бут ниргэснээр ялалт байгуулжээ. Артемис үүгээр зогсолгүй өөрийн флот болон олзолсон онгоцнуудыг ашиглан Родос арлыг эзлэхээр цэргээ илгээсэн байна. Родосынхан арал руу ирж буй өөрсдийн завинуудыг харан өөрсдийн цэргүүдийг ялалт байгуулан эргэн ирлээ хэмээн эндүүрч, хамгаалалтаа сулруулсан нь Артемист хялбар олз болж, Родосыг бүрэн эзэлж, бослого гаргагчдыг даран сөнөөжээ. Артемис хатан удаан амьдарсангүй, нөхрийнхөө үхлээс 2 жилийн дараа насан эцэслэжээ. Угсаа залгамжлагчид нь тэдний шарилыг чандарласан бөгөөд хараахан дуусаагүй байсан бунханд нь байрлуулжээ. Уг ёслолд зориулан маш олон тооны амьтнаар өргөл өргөсөн ажээ. Бунхны бүтээн байгуулалтАртемис хатан бунхны ажилд зориулан харамгүй их хөрөнгө зарцуулж, тухайн үеийн хамгийн авъяаслаг уран барилгачдыг авчрахаар элч нараа Грек рүү илгээж байв. Элч нар Эфесусын Артемисийн сүмийн засварын ажлыг удирдагч Скопас болон Леокарес, Бриаксис, Тимофиус нарын зэрэг алдарт барималчид тэргүүтэй хэдэн зуун уран дархныг хөлслөн авчирсан байна. Хотыг бүхэлд нь харахуйц толгой дээр босгосон бөгөөд уг байгууламжийг тойруулан хашаа босгосон байв. Чулуун арслангууд, бурхан, охин тэнгэрүүд хөшөөг тойруулан чимэглэсэн ба өнцөг бүрт нь морьтон баатруудын чулуун хөшөөг урлан байрлуулжээ. Талбайн төв хэсэгт гантигаар 45 метр /135 тохой/ орчим өндөр бунхан байгуулжээ. Уг бунхан 3 хэсэгт хуваагдсан байсан бөгөөд эхний хэсэгт тэмдэглэлт үйл явдлууд, Центавр, Лапифуудын тулаан, Амазоны дайчдыг дүрсэлсэн чимэглэлүүд бүхий чулуун шатууд байдаг байв. Түүний дээр есөн талт 36 баганатай байсан бөгөөд багануудын дунд хөшөө байдаг байв. Багануудын орой дээр гурав дахь хэсэг буюу Суварга байсан ажээ. Орой дээр нь дөрвөлсөн морин тэрэг хөлөглөн давхиж буй Мауссоллос ба Артемис нарыг дүрсэлсэн хөшөөг урласан байдаг байв. СүйрэлГаликарнассус хотод уг бунхан олон зуун жилийн турш сүндэрлэсээр байсан юм. МЭӨ334 онд Македоны Александрт эзлэгдэхэд ч, МЭӨ 62 болон МЭӨ 58 онд далайн дээрэмчдэд тонуулахад ч тэр сүндэрлэсэн хэвээрээ байсан. Удаа дараагийн шаталсан газар хөдлөлтүүд болж хүрэл хөшөөгүй болсон ч хотын эвдэрхий балгас дунд уг бунхан 16 зууны турш оршин байсаар байсан юм. 1404 он гэхэд бунхнаас аварга суурь нь л үлдсэн байлаа. XV зууны эхээр Мальтагийн гэгээн Жоны хөлөг баатрууд уг нутгийн эзлэн түрэмгийлж, Бодрум цайз хэмээн нэрлэгддэг томоохон бэхлэлт байгуулсан бөгөөд 1494 онд тэд тойруулан хамгаалалт барихын тулд бунхны чулуунуудыг ашиглахаар шийдсэн байна. 1522 онд Туркуудын довтолгооны эсрэг загалмайтнууд Бодрумын хамгаалалтыг улам сайжруулж, хэрэм босгохоор уг бунхны үлдсэн хэсгийн чулууг бүрэн авсан байна. Өнөөдөр уг хэрэмд бунхны өнгөлгөөнд хэрэглэгдэж байсан гантиг чулуунуудын үлдэгдэл хааяа нэг гялалзан харагдсаар байдаг ажээ. Уг бунхан нь маш их алдаршсан тул түүний хэлбэр загвараар хийгдсэн бунхан, барилгууд нилээд түгэн дэлгэрсэн байдаг ажээ. 6. РОДОС АРЛЫН ГЕЛИОСЫН ХӨШӨӨ Энэхүү Родос арлын Колоссусын хөшөөний зураг нь 1911 онд Гролиер Сошитигийн гаргасан "Мэдлэгийн ном"-оос авсан болно. Энэхүү Родос арлын Колоссусын хөшөөний зураг нь 16 зуунд Мартин Хээмскэркийн зурсан бүтээл Родос арлын Колоссус (Англи хэл:Colossus of Rhodes) нь МЭӨ 292 – 280 оны хооронд уран барималч Линдосын Чаресын удирдлага доор Грекийн Родос арал дээр байгуулагдсан бөгөөд Эртний Грекийн нарны бурхан Гелиосийн аварга хөшөө юм. Уг хөшөө нь эвдрэхээсээ өмнө эртний ертөнцийн хамгийн өндөр байгууламж байсан бөгөөд ойролцоогоор 30 метр өндөртэй байсан. Эртний Дэлхийн 7 гайхамшгийн нэг гэж тооцогддог. Родосын бүслэлтМакедоны Аугаа Александр хаан МЭӨ 323 оны орчимд нас барахад, тухайн цаг үед түүний хаан ширээг хэн орлон үлдэх нь тодорхойгүй байлаа. Түүний жанжид хаан ширээний төлөө хоорондоо тулалдан, эзэнт гүрэн бутарч, 4 хэсэг хуваагдсан бөгөөд Газрын дундад тэнгис орчмын бүс нутгийг жанжин Диадокус удирдах болсон байна. Родос арлынхан Александрын өөр нэг жанжин болох Египетийн эзэн Птолемейг дэмжиж байсан бөгөөд Газрын дундад тэнгисийн зүүн хэсгийг хяналтандаа байлгах гол түшиц газар болон цэцэглэн хөгжиж байлаа. Бага Ази, умард Сирид байгуулагдсан Антиохын эзэнт улсын хаан Антигонус I Монофталмус "нэг нүдэт хаан” (Мөн Александрын жанжин) МЭӨ 305 онд өөрийн хүү Македоны I Дмитриуст 40000 цэрэг бүхий флот өгч Родос арал руу дайруулснаар энэ үйл ажиллагаа зогссон юм. Арлынхан хотоо сайн хамгаалж байсан ба хотын хэрмийг Хелеполис гэж нэрлэдэг нураагч цамхаг ашиглан давж эзлэн авахыг оролдсон боловч амжилтанд хүрэхгүй байв. МЭӨ 304 онд холбоотон Птолемей тусламжийн цэрэг явуулахад Дмитриус завь, хэрэм нураах тоног төхөөрөмжөө орхин ухарсан байна. Родосынхан ялалтын баяраа тэмдэглэж байх үедээ дайсны орхисон тоног хэрэгслүүдийн нэгнээс 300 талент (өнөөгийн америк долларын ханшаар 150 сая орчим) олжээ. Үүнийг хэрхэн зарцуулах тухай Родосынхан зөвлөлдсөний эцэст дайнд ялалт авчрахад тусалсан нарны бурхан, хамгаалагч Гелиост зориулан, талархал илэрхийлж аварга том хөшөө босгохоор шийдэцгээсэн байна. Барилгын ажлыг Родос арлын Линдосын Чарес удирдсан юм. Түүний багш нь Тарентум дахь 30 м өндөр Зевс бурхны хөшөөг урлагч алдарт Лисиппос байсан. Бүтээн байгуулалтТухайн үеийн шинжлэх ухааны тооцооллыг ашиглан Мандраки усан боомтын орох хэсгийн амны 15 м гүн усанд аварга чулуун тулгуур багануудыг зоож, хөшөөг байрлуулахаар шийдсэн байна. Хөшөө өөрөө ойролцоогоор 30 м өндөр байхаар тооцоолж төмөр их бие зангидан, дээд хэсэгт нь дохионы галт бамбар асаахуйцаар тооцсон тоосгон цамхаг хийж, гадар хэсгийг нь бүхлээр нь зэс хавтангаар бүрсэн байна. Хөшөөний зэс болон төмөр эдлэлийг Димитриусын армийнхны хаягдсан зэр зэвсэг, тоног төхөөрөмжөөс гарган авчээ. Хөшөөний дээд хэсэгт аварга том дөлөн хүрээг шавраар урласан байна. Баримлыг хийх явцад түүнийг тойрон асар том хог шороо, чулуун овоо, дов бий болсон бөгөөд алсаас харахад галт уул мэт харагддаг байв. Уран барилга бүрэн хийгдэж дуусмагц лаг шавар, шороо хогийг бүрэн зайлуулжээ. Энэхүү аварга хөшөөг 12 жилийн турш барьсан бөгөөд МЭӨ 280 онд бүрэн дууссан байна. СүйрэлХамгийн алдартай нь Нью Йорк хотын эрх чөлөөний хөшөөнд бичигдсэн Эмма Лазарусын "Шинэ Колоссус” хэмээх шүлэг юм. 1989 онд Родос арлын эргийн далайн усан доор Колоссусын суурийг хайсан боловч ямар нэгэн үр дүн гараагүй байна. Жуулчдыг татах зорилгоор дахин шинээр барихаар хэлэлцүүлэг явуулж, төслийг нь 1970 онд хийсэн ч 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайн улмаас зогссон байна. Орчин үед бий болсон Родос арлын Колоссын талаарх үлгэр домгууд• "Астерикс Олимпийн тоглолтод” комик номд Родос арлыг төлөөлж Олимпод оролцохоор Колоссус ирдэг тухай гардаг байна. • Найруулагч Сержио Лионь энэ талаар 1961 онд кино хийсэн байна. • Силвиа Плат "Колоссус” гэж найраглал бичжээ. • Плэйстэйшн 2 консол дээрх "Бурхдын дайн II” тоглоомд гардаг • Австралийн яруу найрагч Мэтью Рэйли "Эртний дэлхийн 7 гайхамшиг” найраглалдаа өгүүлжээ. • Л.Спраги де Камп "Родосын хүрэл бурхан” зохиол бичсэн байна. • • "Х-хүмүүсийн домог” видео тоглоомд Родосын аврага нэрээр орсон байна. 7. АЛЕКСАНДЕРЫН ГЭРЭЛТ ЦАМХАГГэрэлт цамхаг. Германы археологич, проф. Х.Тиерш, 1909 Александрын гэрэлт цамхаг буюу Александрын Фарос (Грек хэл: ὁ Φάρος τῆς Ἀλεξανδρείας) нь МЭӨ III зуунд (МЭӨ 285-247 оны хооронд) Египетийн Александрия хотын усан боомтод зориулан баригдсан. 115-150 метр өндөр уг байгууламж олон зууны турш хүний гараар бүтээгдсэн хамгийн өндөр барилга байсан ба Сидоны Антипатер "Ертөнцийн 7 гайхамшиг”-таа буюу Эртний Дэлхийн 7 гайхамшигт багтаасан байна. Анх баригдахдаа Хуфу болон Хафра пирамидын дараа орохуйц том байгууламж байв. Зарим судлаачид XIV зууны үед уг цамхагт нэмэлт өргөтгөл хийж, 180 метр орчим болгосон гэж үздэг. ТүүхАлександрия хотын далайн боомтын эргийн ойролцоо Фарос хэмээх арал байжээ. Тус арлыг хотын боомттой холбон далан барьсан байсан ба уг арал дээр гэрэлт цамхгийг барьжээ. Уг цамхгийн дээр том түүдэг асаан усан онгоцнуудад зүг чиг заах зорилгоор ашиглагдаж байв. Ромын эзэнт улсын үеэс эхлэн ашиглаж байсан ба түүний тухай алс дорно зүгийн Сүн улсын /960-1279/ үед Хятадын түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. 1225 онд Сүн улсын түүхч Жао Ру Гуа "Жу Фань Жи” хэмээх номондоо уг цамхгийн талаар нилээн тодорхой өгүүлсэн байдаг. Бүтээн байгуулалт ба сүйрэлМЭӨ III зууны үед Македоны Александрын жанжин, Египетийн анхны грек удирдагч Птолемей I Александриа хотыг захирч байв. Александрыг 33 насандаа гэнэт таалал төгсөхөд Птолемей I (Родос арлынхан аврагч эзэн гэж нэрлэдэг байсан) МЭӨ 305 онд өөрийгөө хаан ширээнд өргөмжлөн Египетийг захирах болжээ. Тэрээр хаан ширээнд суумагц Фарос арал дээр гэрэлт цамхаг барихыг зарлигджээ. Уг цамхаг түүний хүү Птолемей Филадельфосын хаанчлалын үед баригдаж дуусчээ. Домогт өгүүлснээр Состратус хэмээх хүн гардан бариулсан боловч хаан түүний нэрийг дурьдахыг хориглосон байна. Гэвч тэрээр цамхгийн ханын сууринд зурвас үлдээсэн байдаг гэх ба уг зурваст: "Книд нутгийн Дексифанесийн хүү Состратус тэнгист аялагч далайчдын нэрийн өмнөөс авран хамгаалагч бурхдад зориулан босгов” гэсэн байдаг гэжээ. Энэхүү бичгийнхээ наагуур нь шохойдон далдалсан ба дээгүүр нь Птолемей хааныг алдаршуулсан үгс сийлсэн байна. Зарим домог ёсоор цамхагт түүдэг асаахын зэрэгцээ аварга толь тавьдаг байсан гэх боловч энэ нь үнэмшилгүй юм. Гэхдээ цамхгийн оройд томхон түүдэг гал асаавал түүний гэрлийг 56 километр алсаас харах боломжтой гэж тооцоолсон байдаг. Цамхгийг гэгээлэг өнгөтэй аварга блокуудаар өрсөн байв. Цамхаг 3 түвшинтэй хийгдсэн. Суурийн хэсэг нь намхавтар, дөрвөн талтай байсан ба дунд хэсэгтээ 8 тал бүхий нарийвтар, дээд хэсэгтээ нарийн дугуй хэлбэртэй байжээ. Оройн хэсэгт нарны гэрэл өдөржин тусч байхуйц толинууд суулгаж өгсөн ба шөнө нь алсаас харагдахуйц гал асаадаг байв. Ромын эзэнт улсын үед суурь барилгын 4 булангийн оройд Тритоны цутгамал баримлыг байрлуулсан ба Посейдоны хөшөөгөөр цамхгийн оройг чимэглэсэн нь Ромын эзэнт улсын бүх үеийн турш байсаар байжээ. Цамхгийн суурийг далайн олон тонн жинтэй хүчит давалгаанаас хамгаалахын тулд чулуу болон шороон далан хамгаалалт босгосон нь үр дүнгээ өгч олон зуун жилийн турш сүндэрлэсээр байхад нь нөлөөсөн байна. 1183 онд Муслим худалдаачин, аялагч Ибн Жубайр Александриа хотод ирэхэд үгээр илэрхийлж барамгүй, нүдээр харж гүйцэмгүй агуу өндөр цамхаг байсан тухай тэмдэглэжээ. Тэр үед цамхгийн оройд мечет байрлаж байжээ. Цамхаг 1223 болон 1303 оны хүчтэй газар хөдлөлтөд тэсэлгүй нурсан болохыг Арабын алдарт далайчин Ибн Баттута тэмдэглэсэн байдаг. 1480 онд Египетийн султан Кайт бэй цамхгийн суурин дээр нуранги чулууны зарим хэсгийг ашиглан дундад зууны үеийн хэлбэр бүхий цайзыг байгуулсан байна. Илүү чулууг нь цайзыг тойруулан засч янзлан өржээ. Өнөө үеийн археологийн судалгаанууд1994 оны археологийн судалгаагаар Александрын боомтын зүүн эрэг хавьд цамхгийн олон тооны үлдэгдэл чулуу байгааг илрүүлжээ. Мөн уг цамхгийг илрүүлэх хүрээнд усан доор NOVA хөтөлбөр хэрэгжүүлсэн. ШигтгээФарос гэдэг нь гэрэлт цамхаг гэсэн утга бүхий Грек гаралтай үг юм. Энэ цамхгийн хэлбэр нь олон мечетийн хэлбэрт тусгалаа олсон байдаг. Соёл дахь ФаросБНХАУ, Чан Ша дахь "Ертөнцийн цонх" соёлын төвд орших Александрын гэрэлт цамхгийн дууриамал АрхитектурГеркулесын цамхаг, Александрын цамхагийн жишгээр ромын эзэнт yлсын үед баригдсан. • Александриа хотоос зүүн тийш 20 км-т орших Абу Кирийн булш нь энэ гэрэлт цамхгийн хэлбэрээр хийгдсэн байдаг. 3 түвшинтэй, суурийн хэсэг нь дөрвөлжин, дунд хэсгээрээ 6 талтай, оройн хэсэг нь тойрог хэлбэрийн ойролцоогоор 20 метр өндөр цамхаг байдаг. • II зууны үед өнөөгийн Испанийн нутагт Ромчуудын босгосон Геркулесийн гэрэлт цамхаг нь Александрийнхтай төстэй байдаг. • БНХАУ-ын Чан Ша дахь "Ертөнцийн цонх" соёлын төвд орших Александрын гэрэлт цамхгийн дууриамалыг хийсэн байдаг байна. • АНУ-ын Виржиниа мужийн Александриа хотын "Ж.Вашингтоны Мэсончуудын дурсгалт газар”-т жижиг хувилбар байдаг. | ||||||||||||||||||||||
|
Сэтгэгдэл бичих хэсэг
.