Археологи гэдэг ойлголтын тухай Түүхийн шинжлэх ухааны эх хэрэглэгдэхүүний нэг болох эд өлгийн дурсгалыг тусгайлан судлаж, он цагийг нь тогтоон, тухайн үеийн байдлыг олдсон эд өлгийн дурсгалаар нь сэргээн тогтоож түүхчлэн бичих шаардлагын үүднээс түүхийн шинжлэх ухааны нэгэн салбар ухаан үүсэн бий болж хөгжсөнийг археологи хэмээн нэрлэдэг. Археологи гэдэг нь монголоор эртний судлал гэсэн утгатай үг ажээ. Археологи гэсэн нэр томьёо анх Эртний Грект МЭӨ IY зууны үед үүссэн байна. Тодруулбал Платон өөрийн "Гиппей” (харилцан яриа) хэмээх зохиолдоо энэхүү нэр томьёог анх эртний дурсгалыг судлах ухаан гэсэн утгаар хэрэглэсэн байдаг. Тэрээр энэ нэр томьёоны дор эрт үед холбогдох бүхий л зүйлийг хамааруулан авч үзэж байсан бол, Европын сэргэн мандалтын үед археологи нь Грек, Ромын урлагийн илэрхийлэл болж үнэн хэрэгтээ музейн хуучин ховор зүйлийн нэг хэсгийг нэрлэсэн нэр болж байв. Археологийн шинжлэх ухааны үүсэл, хөгжил Археологийг жинхэнэ шинжлэх ухаан болон хөгжихөд М.Э 79 оны үед Везувын галт уулын дэлбэрэлтэд тэр чигээрээ дарагдсан Помпей, Геркуланум хотуудыг XYIII зууны эхээр малтан шинжилсэн ажил онцгой ач холбогдолтой байсан юм. Помпейн малтлагын үеэр анх удаа 1600 гаруй жилийн өмнө сөнөсөн энэ хотын ард олны аж байдал, амьдралын дүр зургийг тэр чигээр нь нөхөн сэргээж чадсан юм. Малтлага хийсэн судлаачид юуны түрүүнд аж ахуйн холбогдолтой зүйлийг судлахын ач холбогдлыг анх удаагаа мэдэрсэн гэдэг
Археологи шинжлэх ухаан болох нь
Анхны
бичиг үсэг үүссэн цагаас эхлэн он цагийн хувьд наашлах тусам түүхийн
бичмэл сурвалжууд олширч, утга агуулга нь баяжин, тодорхой үйл явдлын
тухай өгүүлсэн байдаг боловч тэдгээр үйл явдлыг харилцан адилгүй байр
сууринаас тайлбарлаж, тэмдэглэн бичсэн (тухайн түүхчийн өөрийн байр
суурины үүднээс) байдгаас үүдэн түүхийг нэгдмэл нэгэн хүрээнд нь авч
үзэхийн тулд археологийн шинжлэх ухааны судалгааны үр дүнтэй харьцуулах
шаардлага зайлшгүй тохиолддог. Ийм шаардлагын үүднээс нэгэнт түүх нь
эртний сурвалжуудад тэмдэглэгдсэн хожуу үеийн дурсгалыг ч улируулан
судалдаг байна. Энэ нь археологчдыг бичгийн сурвалжид дурдагдсан зүйлтэй
археологийн оллдворуудаа харьцуулан жишиж судлах бололцоог олгодог
билээ. Хамгийн наад зах нь л гэхэд XV-XVII зууныг хүртэлх үеийн түүхийг
судалдаг байна. Энэ бүхнээс үзэхэд археологи бол түүхийн туслах ухаан
биш харин өөрийн хэрэглэгдэхүүнээрээ түүхийн томоохон асуудлыг дэвшүүлэн
тавьж шийддэг олон талтай шинжлэх ухаан юм.
Археологийн шинжлэх ухаан нь хүний биеийн бүтцээс авахуулаад гарал үүсэл, түүний нийгмийн ухамсрын хэлбэрүүдийн үүслийг хүртэлх бүхий л асуудлыг бусад аль ч ухаанаас илүү бүрэн судалдаг. Археологийн шинжлэх ухаан нь янз бүрийн шинжлэх ухаан, салбар ухаануудтай нягт холбоотой бөгөөд нумизматика-зоос зүй, эпиграфика-бичээс судлал, сфрагистика-тамга судлал зэрэг өөрийн салбар ухаантай болно. Археологийн шинжлэх ухааны гол хэрэглэгдэхүүн бол эртний хүмүүсийн эдлэж, хэрэглэж, цогцлон бүтээж байсан эд өлгийн дурсгалт зүйлс юм. Археологчид эртний эд өлгийн зүйлс, байгууламжийг шинжлэн судлах чадварыг эзэмшиж, тэдгээр эд өлгийн зүйлсийг түүхийн сурвалж болгон ашиглах боломжтой болохыг батлан харуулсан юм. Эд өлгийн эх сурвалжийг шинжлэх арга нь бичгийн баримтыг судлах аргаас ихээхэн ялгаатай байдаг. Эдгээр аргуудын шинжлэх ухааны үндэслэл нь археологийн шинжлэх ухааныг түүхийн шинжлэх ухаан болгодог байна. Эртний эд өлгийн зүйлсийг нягт нямбай судалдаг боловч, тэр нь эцсийн зорилго биш юм. Харин тэдгээр эртний эд өлгийн гол үнэ нь түүхийн судалгааны эх хэрэглэгдэхүүн болж буйд оршино. Археологи, үйлдвэрлэлийн хэрэгслэлийн түүхийг мөн судалдаг бөгөөд гэхдээ тэдгээр хэрэгслээр хийсэн эд өлгийн зүйлсийг судалдаг. Үйлдвэрлэлийн хэрэгслэлээр шууд үйлдвэрлэлийн харилцааны тухай авч үзвэл алдаанд хүрч болно. Эд өлгийн зүйлсийг тухайн нийгмийн хүрээнээс салгаж болохгүй. Археологчийн судлах эд өлгийн дурсгалт зүйлс нь хөдөлмөрийн багаж, зэр зэвсгийн зүйл, гоёл чимэглэл, сав суулга, зоос, эртний тамга, бичээс, хадны зураг, хөшөө, сууц оромж, хот суурин, далан, бэхлэлт, эртний усжуулалтын байгууламж суваг шуудуу зэрэг олон янз байдаг. Иймээс археологийн шинжлэх ухаан бол хүний нийгмийн түүхийн хөгжил ба тэрхүү хөгжлийн зүй тогтлыг гол төлөв эд өлгийн түүхэн эх баримтаар судладаг байна. Археологийн судлагдахуун болох эртний эд өлгийн дурсгалт зүйлсийг эртний булш, хот суурин, оромж сууцны үлдэгдлийг малтан судлах замаар олж илрүүлдэг. Эртний булш, тахилгын байгууламж нь газрын гадарга дээрхи дараас чулууныхаа хэлбэр төрхөөр дугуй дөрвөлжин, зууван дугуй, гадуураа хүрээтэй, хашлагат, олон жижиг чулуун цагирагаар хүрээлэгдсэн, дэргэдээ хөшөөтэй зэрэг олон янз байдаг. Булшинд, нас барагсадыг дагалдуулан гол төлөв хөдөлмөрийн болоод ан агнуур, дайн байлдааны багаж зэвсэг, хувцас хэрэглэл, морь малын тоног хэрэгсэл, морь, бод, бог малын толгой, бусад хэсгийн махыг дагалдуулан тавьсан байдаг явдал нь тухайн үеийн хүмүүсийн сүсэг бишрэл, ертөнцийг үзэх үзэл, нэг ёсондоо хойд насны тухай төсөөлөлтэй холбоотой билээ. Харин эртний хүмүүсийн суурьшин амьдарч байсан баримт болох оромж сууцны үлдэгдэл, суурин газраас олддог эд өлгийн зүйлс арай өөр юм. Эртний хүмүүсийн амьдарч байсан суурингийн орчимд сууцны байгууламжийн үлдэгдэл, хоол хүнс, хувцас хунар, сав суулга, багаж зэвсгийн үлдэгдэл, гарсан хог хаягдал, үнс нүүрс зэрэг нь шороонд булагдан аяндаа он жилийн уртад газрын хөрсөнд дарагддаг байна. Ийнхүү эртний хүмүүсийн хөдөлмөрийн үр дүнд буй болсон эд өлгийн зүйлс олон арав зуун жилээр булагдан газрын давхрага нь хүнд анзаарагдахгүй үе үеэрээ зузааран нэмэгддэг. Эдгээр үе давхаргад хадгалагдаж үлдсэн эд өлгийн олдвор нь тэднийг хийж үлдээсэн нийгмийн соёлын түвшинг тусгадаг тул ийм байдлаар тогтсон үе давхаргыг соёлт давхрага гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хүний үйл ажиллагааны үр дүнд бий болсон материаллаг зүйлсийг хадгалсан, бүхэл бүтэн түүхэн хугацаанд, бүрэлдэн тогтсон үе давхаргыг соёлт давхарга гэдэг. Соёлт давхарга байгаль цаг уурын болон ахуйн олон янзын хүчин зүйлээс шалтгаалан хэдхэн сантиметрээс аваад хэдэн арван метрийн зузаан тогтоцтой байдаг. Газрын гадарга дээр ил гарсан байгууламж бүхий булш, суурин, балгас, хөшөө зэрэг археологийн дурсгалыг хялбар илрүүлж болдог. Харин газрын хөрсөн дээр ил гарсан шинж тэмдэггүй, чулуун зэвсгийн бууц суурин, далангүй булш, зам, суваг (даланг нь эвдсэн булш, хэрэм, даланг нь хагалж тариа тарьсан суурин) зэргийг олж илрүүлэхэд нарийвчилсан хайгуул, археологчийн нарийн мэдрэмж судалгаа хэрэгтэй болдог. Газрын хөрсөн дээр ямар нэгэн тодорхой мэдэгдэх шинж тэмдэггүй байсан археологийн дурсгалууд салхи, цас, усны үер болон газар шорооны ажлын явцад илэрч олдох тохиолдол байдаг. Ингэж олдсон томоохон дурсгал бол газар шорооны ажлын явцад илэрсэн Увс аймгийн Улаангомын ойролцоох Чандмань уулын төмөр зэвсгийн түрүү үеийн булшнууд юм. Археологчид өөрсдийн хайгуул судалгааныхаа ажилд шинжлэх ухаан-техникийн шинэхэн ололт, аргуудыг өргөн ашигладаг. Эдгээрийн дотроос хамгийн эртнийх нь агаарын зураг авалтын арга юм. Энэ аргын давуу тал нь өргөн уудам хэмжээний талбайг эзлэн оршиж байгаа томоохон хотын үлдэгдэл зэргийг илрүүлдэгт оршино. Сүүлийн жилүүдэд сансараас авсан зургийг археологийн судалгаанд ашиглах явдал дэлхийн олон оронд эрчимтэй нэвтэрч байна. Археологийн шинжлэх ухаанд өргөн ашигладаг өөр нэгэн арга бол геофизикийн судалгааны арга болно. Энэ арга нь сонирхолтой мэдээлэл агуулж байж магадгүй гэж үзсэн тодорхой талбайд, тогтсон хэмжээний гүйдэл өгөхөд үзүүлж буй эсэргүүцлийн тоон утгыг тодорхойлох замаар газрын хөрсөн доор байж болох байгууламжийн тухай мэдээлэл авч болдог арга юм. Археологийн шинжлэх ухаан нь химийн шинжлэх ухааны хөрсний бүтцийн нэгдлийг тодорхойлдог аргыг өөрийн судалгаандаа өргөн ашигладаг. Чингэхдээ эртний хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан органик зүйлсийн хаягдал, орхигдосын фосфатын хэмжээг тодорхойлох замаар хөрсний соёлт давхаргын заагийг тодорхойлдог юм. Сүүлийн үед археологийн шинжлэх ухаанд нэгэн шинэлэг салбар төрөн гарч ирсэн нь далай тэнгис, гол мөрөн ихтэй улсад үүсэн хөгжсөн усан доорхи археологи болно. Өөрөөр хэлбэл, эртний хот суурингийн үлдэгдэл, булш бунхан нь өнөөдөр далай тэнгисийн усан доор живж орсон байх нь цөөнгүй бөгөөд тэдгээрийг судлан шинжлэх шаардлага зүй ёсоор бий болж байна. Мөн түүнчлэн цоо шинээр астроархеологи буюу одон ертөнцийн археологи гэсэн салбар үүсэн бүрэлдээд байна. Энэ нь эрт үеийн хүмүүсийн сансар ертөнц, одон гарагийн төсөөллийг тэдний хад чулуу яс мод зэрэгт сийлж зурж үлдээсэн хуанли, өвөрмөц сонин хэлбэрийн зураас, толбо цэг зэрэгт тулгуурлан судалдаг археологийн шинжлэх ухааны цоо шинэ салбар гарч ирэх төлөвтэй байна. Археологийн шинжлэх ухааны судалгааны нэгэн чухал асуудал бол аливаа эд өлгийн олдворын он цагийн хамаарлын асуудал юм. Археологийн олдворыг судлахад, тухайн дурсгал чухам ямар үед холбогдож болохыг урьдчилсан байдлаар тодорхойлох хэрэгтэй. Зарим нэгэн олдворын он цагийг урьдчилсан байдлаар тогтоох нь хэдийгээр төвөгтэй, зарим тохиолдолд огт боломжгүй байдаг учраас чухам ямар цаг үед хамаарах болохыг нь харьцуулсан судалгааны аргаар тогтоох ч явдал байдаг. Олон тооны эд өлгийн хэлбэр төрхөөр харьцуулан он цагийг тогтоох арга нь археологийн уламжлалт гол арга билээ. Гэхдээ археологийн шинжлэх ухаанд олон тоотойгоор байгаа олдворуудаасаа илүүгээр цөөн тоотой байгаа олдворууд нь харьцангуй их мэдээлэл өгөх тохиолдол ч байдаг байна. Тухайлбал: Хүннү нарын зохион бүтээсэн хэл хуурыг дурдаж болно. Гэвч цөөн тоотой байгаа олдворууд их мэдээлэл өгдөг гэдэгт хатуу баригдаж болохгүй юм. Тодорхой нэг булшинд харьцангуй өөр өөр үеүдийн зоос хийсэн байх нь элбэг тохиолддог. Зөвхөн зоосыг нь харгалзан он цагийг нь тогтоох гэвэл булшинд буй бусад эдлэлийн он цагтай тохирохгүй он цагийн хувьд хямрал үүснэ. Иймээс тухайн булшны он цагийг тогтоохдоо түүнд буй олдворуудын хамгийн сүүлийн үед холбогдох олдворын насаар тогтоодог. Уламжлалт хэв шинжийг харьцуулан олдворын насыг тогтоодог аргаас гадна археологийн шинжлэх ухаанд төрөл бүрийн шинжлэх ухааны үр дүнг хэрэглэх нь зайлшгүй шаардлагатай болж байна. Үүнийг чулуун зэвсгийн үеийн судалгааны жишээгээр тайлбарлавал, чулуун зэвсгийн үеийн дурсгалын насыг тогтооход газар зүй, геоморфологи (газрын тогтоцын онол), палеомагнит (эртний соронзон орон судлал), палеоантропологи (эртний хүн судлал), палеоботаника (эртний ургамалшилт), палеонтологи (эртний амьтан судлал), хими-физикийн шинжлэх ухааны зарим үр дүнг ашиглах шаардлагатай байдаг. Иймээс тухайн салбарыг судалдаг археологич тэдгээр шинжлэх ухааны талаар зохих шатны мэдлэгтэй байж үр дүнг ашиглаж чаддаг байх хэрэгтэй юм. Археологийн дурсгалын холбогдох он цагийг нарийн тогтоох боломж тэр бүр байдаггүй ч гэсэн тухайн дурсгалаас олдсон нэг болон хэд хэдэн эдлэлийн он цагийг лабораторийн нарийвчилсан шинжилгээгээр тогтоосноор тухайн дурсгалын он цагийг тогтоож болдог. Зарим тохиолдолд эртний ургамалшилтын судалгааны аргуудыг хэрэглэж дурсгалын он цагийг тогтоож болдог байна. Ингэхдээ хөрсний бүтцийн найрлагыг нарийвчлан задлан шинжилсний үр дүнд тухайн хөрсний бүтцэд буй ургамлын тоосонцороор эртний ургамшилтыг он цагийн тогтсон дараалалтай харьцуулах замаар уг олдворын хамаарагдах үеийг тогтоож болдог. Энэхүү арга нь хуучин чулуун зэвсгийн үеийн агуйн болон соёлт давхрага бүхий суурин газрыг нарийвчлан судлахад ихээхэн ач холбогдолтой билээ. Учир нь тухайн үеийн хүмүүсийн амьдралд эн тэргүүнд байгаль орчин, цаг уур чухал нэгэн үүргийг гүйцэтгэж байсан нь ойлгомжтой. Өнөө үед археологийн судалгаанд байгалийн болон тодорхой шинжлэх ухааны аргуудыг өргөн хэрэглэх замаар археологийн дурсгалын он цагийг найдвартай тогтоож байна. Тухайлбал аливаа амьд амьтан, ургамал нь өөрөөсөө байнга С14 атомын жин бүхий радиоидэвхт изотоп ялгаруулж байдаг бөгөөд уг биет үхэж мөхсөний дараа нүүрс төрөгчийн уналт явагддаг байна. Археологийн малтлагын явцад олдсон хүн малын яс, модны нүүрс зэргийн нүүрстөрөгчийн уналтын түвшинг тогтоох замаар тухайн хүн, ан амьтан, мод зэрэг амьтан ургамлын гаралтай зүйлийн үхэж мөхсөн цаг хугацаа, шатаагдсан үеийг тогтоож болдог байна. Энэ аргаар ямар нэгэн тодорхой жил сарыг тогтоодоггүй, зөвхөн судлаж буй дээжийн хамаарах он цагийг дундажаар тогтоодог. Энэ аргыг хэрэглэн ойролцоогоор бидний амьдарч буй үеэс 60 мянган жилийн өмнөх үе хүртэлх хугацааг тодорхойлох боломжтой. Байгалийн шинжлэх ухааны дээрх аргуудыг өргөн хэрэглэж олдвор хэрэглэгдэхүүний он цагийг тогтоож байна. Олонх тохиолдолд хэв шинжийн талаас нь үндэслэн тогтоосон он цаг байгалийн шинжлэх ухааны аргыг хэрэглэж тогтоосонтой тохирдог. Археологийн судалгааны өөр нэг тулгуур асуудал бол эд өлгийн зүйлсийг хийж бүтээсэн газар нутгийн тухай асуудал байдаг. Өөрөөр хэлбэл археологийн малтлага судалгааны явцад олдсон эд өлгийн зүйлсийг тухайн орон нутагт үйлдвэрлэж байж уу, эсвэл өөр нутгаас авчирсан зүйл үү гэдгийг тогтоон тодруулах асуудал юм. Дээрх асуудлыг тодруулснаар түүхэн нэгэн үеийн ард олны аж ахуйн хөгжилтийн түвшин, оюуны сэтгэлгээний чадавхи, гар урлал, гадаад улс оронтой хэрхэн харилцаж байсан зэрэг олон хүчин зүйлийг сэргээн тодруулан авч үзэх боломж олгодог. Тухайн эд өлгийн зүйлсийг нутгийн гаралтай болохыг тогтоох олон янзын арга байдаг. Эдгээрээс хамгийн бодитой нь ямар нэгэн эдлэлийг цутгаж байсан хэв олдох явдал юм. Хэв олдож байгаа нь түүгээр тэр газар үйлдвэрлэл явуулж батлах шууд баримт болдог ач холбогдолтой. Археологийн нарийн мэргэжлийг эзэмшээгүй хэнийг ч археологийн малтлага судалгаа хийхийг Монгол Улсын Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах хуулиар хатуу хориглосон байдаг. Учир нь тухайн нөхцөлд хувийн ашиг сонирхлын үүднээс шинжлэх ухаанд урьд өмнө нь мэдэгдээгүй байсан ховор чухал эд өлгийн дурсгалыг устгаж үгүй хийх тохиолдол ихээхэн байдаг. Монгол улсын Соёлын өвийг хамгаалах хуулиар (2001 оны 6-р сарын 12-наас мөрдөгдөж буй) Монгол улсын нутагт археологийн хайгуул малтлага, судалгаа явуулах зүйлийг тогтоосон археологийн судалгаа дагнан эрхэлдэг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага (ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Археологийн судалгааны төв)-д олгож, мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага эрхлэн гүйцэтгэхээр хуульчилан тогтоосон нь дэлхийн соёл шинжлэх ухаан хөгжсөн бусад орнуудын нэгэн адил монголын ард түмний эртний түүх археологийн дурсгалд төрөөс тодорхой анхаарал тавьж буйн илрэл юм. | ||||||||||||||||||||||||
|
Сэтгэгдэл бичих хэсэг
.